Тэмдэглэл-12

Дэлхий дээр хүмүүс биш чоно ч юмуу нохой, эсвэл хулганууд яагаад ноёрхож болоогүй юм бол. Яагаад заавал хүн оюун ухаантай болсон юм бол? 
Би өөрөө ч хийж чаддаггүй мөртөө хүмүүст ингэ тэгэх ёстой гэж зөвлөхийг үзэн яддаг. Жишээ нь : Нэг хүн "Аз жаргалыг холоос хайх хэрэггүй, тэр бидний дэргэд ойрхон байдаг. Чиний инээж байгаа тэр мөч, дуртай хоолоо идэж байгаа үе, юунд ч санаа зовохгүй амар тайван унтах цаг мөч нь аз жаргал юм. Бид тэдгээр мөч хором бүрийг мэдэрч аз жаргалтай байцгаая" гэж хэлсэн юм. Энэ бол уг нь үнэн. Гэвч үүнийг хэлсэн хүн, би ч тэр, өөр хэн нэгэн амьдралын хором бүрээс аз жаргалыг мэдэрч амьдарч чадна гэж үү. 
Аз жаргал гэдэг бол сэтгэл хангалуун байхыг л хэлнэ. 
Хүмүүс бидний зовлон гэж нэрлэдэг зүйлүүдээс хамгийн хэцүү нь өвдөх юм. Өвдөлт дундаас "сэтгэл өвдөх" хамгийн хэцүү нь.
Хэрвээ би хүмүүсийг бүтээсэн бол нэг л зүйлийг өгөхгүй байсан. Энэ бол үзэн ядалт.
Биднийг тэвчээр алдалгүй үргэлж мөнхөд хүлээж байдаг зүйл бол ирээдүй юм. Ирээдүй бол агуу хүлээгч. Тэр хэзээ ч тэвчээр алддаггүй.
Харин тэвчээр муутай биднийг хүлээж чаддаггүй, орхиод явчихдаг зүйл бол цаг хугацаа юм. 
Хэн нэгэн, бурхан ч тэр хайр дурлалыг үгүйсгэж элэглэн шоолбол би түүнийг нэг эст амьтанаас ч дор үзнэ.
Энэ ертөнцөд юунаас ч үл хамаарах эрх чөлөө гэж үгүй. Цаг хугацаа ч биднээс хамааралтай шүүдээ. Гариг эрхэс, сансар огторгуйд хязгаар байдаг болов уу. Эсвэл байдаггүй юм болов уу. Манай гариг сансар огторгуйн яг хаана нь байршдаг бол. Эхэн хэсэгт нь эсвэл төгсгөлд нь үгүй бол дунд хавьцаа ч юмуу. Сансар огторгуйн төгсгөл хаана байдаг бол тэрийг мэдэх юмсан.
Заримдаа би ингэж боддог. Энэ хязгааргүй уудам гариг эрхэсийг эзэмшсэн маш их оюунлаг хүмүүс хаа нэгтэй амьдардаг байх. Тэд үхдэггүй, өсөж үрждэггүй, бий болоогүй. Тэд хязгааргүй гариг эрхэсээр аялаад л аялаад л... Тэдэнд их уйтгартай байсан болохоор тийм ч ухаантай биш, бас мөнх биш, өөрсөдтэйгээ төстэй амьд амьтаныг бий болгож амьдарч болох орчинг  нь бүтээж тэднийг харж зугаацдаг болсон байх гэж боддог шүү. Мэдээж тэдний хийсэн зүйл бол хүмүүс бид. Галзуу мэт санагдаж байгаа ч яагаад байж болохгүй гэж.
Үнэн гэдэг чамд л үнэн санагдаж байгаа зүйлийг хэлнэ. Худал ч мөн адил. Үнэн худлыг хэн ч тодохойлж үл чадна.
Нэг ийм үг зохиочлоо.
Тэнэг хүн сэргэлэн байвал аминд өлзийтэй.
Ухаантай хүн шудрага байвал ардад өлзийтэй.
Эрх чөлөө  энэ бол агуу зүйл. Хайраас ч үнэтэй. Энэ дэлхий дээрх бүх зүйлээс хамгийн үнэтэй, хамгийн чухал нь. 
Энэ дэлхий дээрх хамгийн агуу гавъяа бол өөрийгөө ялан дийлэх
Энэ дэлхий дээрх хамгийн сайн үйлс бол бусдын амь насыг аврах
Энэ дэлхий дээрх хамгийн сайхан буян бол бусдад туслах, бусдад гай тарихгүй байх
Хүний бүтээсэн зүйлүүдээс надад хамгийн их таалагддаг нь гэрэл зураг. Гэрэл зураг гэдэг түүх, бүхэл бүтэн амьдрал шүүдээ.Бас өнгөрсөн үеийн бодит баримт.
Үг гэдэг үнэхээр гайхалтай зүйл шүү. Хүмүүс бид бичиг үсэг зохиосон болохоор үнэхээр ухаатай юм. Гэхдээ хэн анх бичиг үсэг гэгчийг зохиосон бол. Ямар ч л байсан тэр хүн бүх цаг үеийн хамгийн суут ухаантан нь байх болно. Бид аливаа зүйлийг оноож нэрлэхдээ үнэхээр зөв нэрлэсэн байдаг. Яагаад нохойг нохой, барыг бар, байшинг байшин, саванг саван гээд л нэрэлсэн юм бол. Яагаад модыг мод биш төмөр ч юмуу муурыг муур биш нохой ч гэх юмуу тэгж нэрлээгүйн бол? Гэхдээ бид үнэхээр зөв зохистой нэр өгсөн байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157