Тэмдэглэл-37

Би нэг үсчин эгчээр үсээ засуулах их дуртай. Мундаг чадвартай үсчин биш л дээ. Харин ч их муу үсчин. Үс их өөтэй тайрна. Гэхдээ л тэр эгчээр үсээ тайруулах дуртай байдаг минь тэр эгчийн гар миний үсэнд хүрэхэд нэг тийм таатай зөөлөн тайвшруулсан үл мэдэгдэм мэдрэмж надад төрдөг. Үсээ тайруулаад л суугаад баймаар. Зарим танидаг болон танидаггүй хүмүүсээс тийм мэдрэмж мэдрэгддэг. Дэлгүүрийн танихгүй худалдагч эгчээс, автобусанд зэрэгцэж суусан охиноос, зарим жоохон хүүхдүүдээс, бүр ажлын шугамаар танихгүй хүмүүстэй утсаар ярихад, Ганбуушын өгсөн ярилцлагыг үзэж байхад, дуучин Ган-Эрдэнийн "Чамтай хамт явмаар байна" дууг сонсоход хүртэл тэр зөөлөн мөртлөө сайхан мэдрэмж миний биеийг бүрхэн сайхан санагддаг. Энэ үл мэдэгдэм таатай мэдрэмж хүрэлцэх мэдрэхүй, сонсох мэдрэхүйгээр дамжин надад ирдэг. Надаас бас хүмүүс миний мэдэрдэг шиг ийм мэдрэмж мэдэрдэг болов уу. Гэхдээ заримдаа бүр эсрэгээрээ хажууд нь жоохон байхад л хурдан холдмоор санагддаг хүмүүс байна. Тэр хүн надад муу юм хийгээгүй, тэр хүнд ч би муу юм санадаггүй зүгээр л ойр зуурын юм ярихад л бушуухан холдмоор, нэг л тийм хүйтэн хөндий мэдрэмж төрүүлдэг хүмүүс бас байна. Хүмүүс өөрөөсөө энерги ялгаруулдаг гэсэн. Тэр энерги нь яг нэг үелзэл дээр таарах ч  юмуу эсвэл хоорондоо төстэй болохоор ч тэр үү тийм сайхан мэдрэмж мэдрэгддэг байх гэж би  боддог юм.
Би байгалийн үзэгдлүүдээс салхинд хамгийн их дуртай. Заримдаа гадуур явж байхад салхиар нэг тийм дотно танил үнэр сэнгэнэхэд дурсамж сэдэрдэг шүү.  Тэр үнэртэй холбоотой дурсамжууд гэнэт л толгойнд орж ирээд л... Нээрээ тэр үед тэгж байсан шүү дээ гээд л..

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157