Тэмдэглэл-66
Хэзээ өөрийгөө олох энэ аялал минь дуусах бол... Өөрийгөө хэн болохыг мэдэх гэж оролдсоор, бичсээр байтал 8 жил өнгөрчихөж. Дахиад хэдэн жилийг үдэх бол... Оролдож хичээснийх бүрэн дүүрэн биш гэлээ маш багахан хэмжээгээр өөрийгөө мэддэг болсон байна. Хүн өөрийгөө мэдэх тусам л өрөөл бусдыг мэддэг болчихдог юм шиг санагдаж байна. Тиймээс " чамайг ойлгохгүй, тэрнийг ойлгохгүй байна" гэсэн үгс урсгахаа больчихдог юм байна. Урьд нь "ерөөсөө чамайг ойлгохгүй юм байна" гэсэн үгсийг зөндөө хэлдэг байж. Өөрийгөө ойлгоогүй юм чинь яаж бусдыг ойлгохов дээ. Өөрийнхөө мэдрэмж, юу хүсч байгаагаа мэдэхгүй юм чинь аргагүй шүү дээ.
Ямар ч байсан амьдралдаа баримтлаж явах яасан ч зөрчихгүй эвдэхгүй байх хэдхэн зарчим бий. Өөрийгөө мэдэх тусам энэ нэмэгдэх л байх.
Бусад хүмүүсийн хүсдэг тэр нийтлэг мөрөөдөл шиг амьдралаар амьдармааргүй байна. Гэвч эрхэм хүмүүс минь, эргэн тойрон дох нөхцөл байдал тэр л бүх нийтийн сайхан амьдралын мөрөөдөл рүү түлхээд байна. Ганцаараа энэ хэдэн жилийн турш эсэргүүцээд нэмэр байсангүй. Зүгээр л хамаг эрч хүч, цаг хугацаагаа хий дэмий алдчихлаа. Өөрийнхөө юу хийж, яаж амьдрахыг хүсч байгаадаа зарцуулах хайран цаг хугацаагаа зүгээр л дэмий эсэргүүцэлд үрчихэж. Өөрийнхөөрөө байж чадахгүй байгаадаа бухимдаж байхын оронд өөрийнхөө яаж амьдрах, юу хүсч байгаадаа анхаарлаа төвлөрүүлсэн бол аштай юу.
10-н жилийн дараа яг л одооных шигээ баймааргүй байна. Явах ёстой замаараа яваад өөрөө өөртөө сэтгэл хангалуун амьдармаар байна.
Comments
Post a Comment