Тэмдэглэл-70

Өөрийн байх ёстой жингээсээ 20 кг-аар илүү таргалчихаж. Булцгар хацар, давхар эрүү, том гэдэс, бүдүүн гуя. Гэхдээ энэ байдалдаа би зовохгүй байна. Харин ч надад зүгээр санагддаг. Энд тэндээс унжих харвин  байхгүй ч гэсэн угийн ясархаг том биетэй хүн чинь улам сүр бараатай болчихсон. Ер нь эрчүүдээс бие хаагаараа илүүрхээд байгаа юм биш үү. Найз бүсгүйчүүд маань нөхрөө тэвэрч унтсанаас чамайг тэвэрч унтвал илүү эрэгтэй хүн шиг санагдаж байна гэж хэлж байна. Урьдны намайг мэдэх хүмүүс одоо хараад бараг ухаан алдаж унах нь холгүй л байна. Зарим мэддэггүй байсан хүмүүс нь залуудаа бөхөөр хичээллэдэг байсан уу гэж ч асууж байна. Гэхдээ би боддог юм. Ээжийн талд Монголын нэг сайхан аварга цолтой бөх хүн байсан юм. Магадгүй би хүүтэй болвол ирээдүйн аваргын ээж болох ч юм бил үү. Энэ том биений хэрэг нь тэр ч юм бил үү. Хэн мэдлээ.
Гадаад төрхөнд орсон өөрчлөлтөөс болоод урьдынх шигээ хаа явсан газраа эрэгтэй хүнтэй танилцдаг хөг өнгөрсөн ч энэ нь ч сайн зүйл болсон юм. Зүгээр л миний доторх гоо үзэсгэлэн, дотоод ертөнцөд минь дурлаж тэр ертөнцөд будилж төөрсөн ч явахыг хүсэхгүй харин ч улам бүр гүн рүү нь орж насан туршдаа тэр ертөнцөд үлдэхдээ харамсахгүй, жаргалтай байж чадах тийм л эр хүнийг олохыг хүсч байна. Гэвч энэ миний сансарт нисэхийг хүсдэгтэй адил  бараг л боломжгүй ч байж магадгүй. Эрчүүд нүдээрээ дурладаг шүүдээ.
Заримдаа надад энэ дэлхийгээс яваад сансар огторгуй, гариг эрхэсээр аялаад өөрийн мэдэхийг хүссэн бүгдээ мэдэх боломж өгөөд гагцхүү дахиж дэлхий дээр ирэхгүй байх сонголт ирвэл би яах вэ гэж их боддог байлаа. Урьдны би сансар огторгуйг сонгох байсан байх. Одооны би харин Дэлхийдээ л үлдэхийг сонгоно. Энэ гариг эрхэс сансар огторгуйн хаана ч Дэлхий болон хүмүүсээс илүү нууц зүйл гэж үгүй байх.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157