Тэмдэглэл-69

Муу хүмүүс гэж байдаг болов уу. Надад муу зүйл хийсэн байлаа гэхэд өөр хэн нэгний хувьд сайн хүн байвал яах вэ. Миний хувьд л муу хүмүүс болж үлдэх байх даа. Намайг "ингэж амьдрахаар үхчихдэг ч юм билүү" гэж бодоход бүр үйлдэл хийхэд хүргэсэн миний хувьд муу хүмүүс байсан. Тэр үедээ тийм хүмүүстэй ямар үйлийн үрээр учраад итгэж найдсан тэнэг толгой вэ гэж өөрийгөө харааж зүхэж, өөртөө дургүй хүрч тэднийг үзэн ядах тусам улам л өөрийгөө үзэн ядаж өөртөө дургүй хүрч байлаа. Өөртөө дургүй хүрч өөрийгөө зүхэх тусам л амьдрал утгагүй болж ирээдүй байхгүй ч юм шиг санагдаж байсан тэр үе бол амьдрал ямар хатуу ширүүн байдгийг, өөрийгөө өөрөө л хайрлаж, хамгаалахгүй юм бол хэн ч туслаж чадахгүй гэдгийг яс мах, сэтгэл зүрхээрээ гүн ойлгосон доо. Ядаж байхад би гэдэг хүн өөрийн зовлон гунигаа бусдад дэлгэх дургүй дотроо өөрөө шаналж зовж өөрөө л тэрнээс гарах гарц, шийдлийг олохыг хичээдэг зантай хүн. Гэхдээ л тийм хэцүү үеүдэд хэн ч харахааргүй мэдэгдэхээргүй газар ганцаараа уйлж байсан ч хаанаас ч юм бэ хэн нэгэн нь гарч ирээд нулимсыг минь арчаад өгөөсэй, чангаас чанга тэврээсэй, урам зориг өгсөн чин сэтгэлийн үг хэлээсэй гэж их хүсдэг юм билээ. Гэвч тэр үед хэн ч тэгээгүй ч өөрөө өөрийгөө тайтгаруулж өөрөө өөртөө зориг өгч байж л одоо ч санахад хэцүү үеэ даван туулжээ. Тийм болохоор  бусдад муу зүйл хийж өөр шигээ байдалд оруулахыг хүсдэггүй, сэтгэлд нь сайхан үг дутагдаж байгаа хүмүүст дулаан үгсийг харамгүй хэлэхийг хичээж явдаг. Зовлонтой хэцүү үедээ над дээр ирчихээд жаргалтай сайхан үедээ намайг тоохгүй явж байгаа хүмүүст ч гомддоггүй. Харин ч хэцүү үедээ намайг зорьж ирсэнд нь баярладаг. Өөрийгөө уучилж хайрласны дараа тэдгээр надад муу зүйл хийж миний хувьд муу болсон хүмүүсийг ч уучилж чадсан. Мэдээж уучилахад их хэцүү байсан ч цаг хугацаа  болон өөрийн мартах гэж хичээж ирсэн хичээл зүтгэлээр л өнөөдөр ийм амар амгалан болж. Тухайн үеүдэд өөрийгөө ингээд бичээд сууна гэж хэзээ ч төсөөлж байсангүй дээ. Амьдрал үнэхээр баялаг, амьд явах хичнээн сайхан гэдгийг тэр хэцүү үеүдээ даван туулсаны дараа мэдэрсэн дээ. Бүгдийг өөрийн хүчээр даван туулсан болохоор өөрөө өөрөөрөө бага ч гэсэн бахархаж байна. Үүнээс ч илүүг давах л байх. Бүх зүйл тур зуурынх, бүх юм цаг хугацааны аясаар болоод л өнгөрнө. Харин итгэлээ нэгмөсөн алдалгүй, хэн нэгний хүлээлгүй өөрөө өөрөө л хийх учиртайг ойлгосон.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157