Тэмдэглэл-72
Нэгэн энгийн залуу байжээ. Түүнд бусдаас илүү ч юм байхгүй, дутуу ч юм байхгүй зүгээр л жирийн нэгэн залуу. Тэр нэгэн удаа саранд дурлажээ. Сарны гоо үзэсгэлэнд автаж түүнд сэтгэлээ илчилжээ. Үргэлж гоо сайхнаа бусдад гайхуулан явдаг сар өөрт нь дурласан залуугийн сэтгэлээр тоглоом хийгээд орхижээ. Хүйтэн хөндий байдлаараа сар залууг шархлуулжээ. Сарнаас болж шархалж уйлж байсан залуу дээр нар иржээ. Дулаанхан халуун илчээрээ залууг аргадаж тайвшруулжээ. Нарны халуун илчинд залуу дасаж наранд дурлаж түүн рүү улам ихээр тэмүүлнэ. Гэвч нар дэндүү халуун гэдгийг мэдэлгүй залуу бүх л биеэрээ гэмтэж хоцорчээ. Гэмтэж шархалсан залуу өөрийгөө харанхуй нүхэнд нуугаад дахиж гэрэлд гарахгүй гэж шийджээ. Олон жилийн дараа харанхуй нүхэнд нь салхи гэгээ татуулан орж ирэв. Зөөлөн бүлээн илчээрээ нарны үлдээсэн шархыг илбэн таалж өгөв. Өдөр бүр салхи залуу дээр ирж хорвоогийн сайн сайхныг ярьж түүнд итгэл өгч шархыг нь илбэсээр... Нэг л өдөр залуу салхигүй байж чадахаа ойлгов. Тэр салхийг хажуудаа байлгахыг хүсч байлаа. Гэвч салхи бол салхи. Тэр хаашаа ч хамаагүй яваад өгнө. Түүнийг барих арга байхгүй. Залуу салхины төлөө бага багаар өөрчлөгдөж дахин гэрэлд гарч салхитай хамт байхыг хүсэв. Залуугийн өөрийг нь гэсэн чин сэтгэлийг салхи ойлгож байсан ч түүний хажууд үлдэх ёсгүй гэдгээ мэдэж байлаа. Салхитай хамт хорвоогийн хаашаа ч хамаагүй явж чадах хүн нь тэр биш байлаа. Гэвч залууг өрөвдөж дэргэд нь байсаар байтал салхи салхи биш байхаа больж эхэлжээ. Салхи яг л урьдынхаараа түүнийг орхихоос өөр аргагүйд хүрсэн юм. Залуу сарнаас болж шархалсан. Нар түүнийг нь эдгээсэн. Нарнаас болж дахиад л шархалсан. Салхи түүнийг нь эдгээсэн. Салхинаас болж дахиад л шархална. Харин түүнийг нь эдгээх нэгэн хэзээ нэгэн цагт гарч ирнэ гэдгийг салхи мэдэж байлаа. Салхи залууг орхин алсын алсад дахин ирэхгүйгээр одон явав. Харин залуу яасныг хэн ч мэдэхгүй. Тэр нэг бол гэрэлд байгаа үгүй бол харанхуйд байгаа эсвэл эдгээрийн аль нь ч биш байж болно.
Comments
Post a Comment