Зугаталт

2013 оны хавар би гэдэг хүн хэнд ч хэлэлгүй Хэнтий аймаг руу явсан юм. Ернь 2012, 2013 онд би нэг тийм сэтгэлийн гүн дарамтанд орсон, өөртэйгээ зөрчилдсөн  хүн байлаа. Нэг сэтгэлээр унана тэгээд гайгүй болно, дахиад сэтгэлээр унана дахиад л гайгүй болно. Нэг ийм тойрогт орсон байлаа. Заримдаа бүр бүгдийг хаяад хаашаа ч хамаагүй зугтмаар санагддаг байлаа. Нэг өглөө бүр яагаад ч юм хаашаа ч юм явмаар санагдаад. Миний сайн найз Хэнтийд гэр бүлээрээ амьдардаг байлаа. Тэгээд л шууд найз руугаа яриад л очлоо гэж хэлээд унаанд суугаад л явчихсан юм. Өмсөж явсан хувцас, иргэний үнэмлэх, тэгээд эрүүл мэндийн дэвтэр бас тэмдэглэлийн дэвтэр. Энэ хэдийгээ л аваад замд гарсан юм. Мэдээж хэнд ч хаашаа явж байгаа гэдгээ хэлээгүй болохоор намайг эрэн сурвалжилж бөөн юм болсон байна лээ. Хэнтийд очоод 4   хонож байхад  намайг тэнд байгааг мэдсэн  юм. Ийм юм болно гэдгийг би мэдэж байсан л даа. Тиймээс албаар хэлээгүй юм. Намайг тэгж сураггүй алга болоход хамгийн их шаналсан хүн бол мэдээж ээж минь байсан юм. Хэрвээ би байхгүй болчихвол ямар хэцүү байхыг ээждээ мэдрүүлэхийг хүссэн юм. Намайг ойлгож, миний чадахгүй зүйлсийг надаар хийлгүүлэх гэж хүчлэхийг нь зогсоох гэж зүгээр л надад итгээд хүлээгээсэй гэж хүсдэг ч ойлгохгүй болохоор нь гэрээсээ явахдаа хэнд ч хэлээгүй юм. Гэхдээ ээжийгээ тэгж их зовоосон нь миний буруу байсан юм билээ. Хэнтийд найзынхаа ачаар 3 сар амьдрахдаа үнэхээр сайхан тайвширч, амар амгаланг олж олон зүйлийг ухаарсандаа. Монголын минь тал нутаг, уул ус хичнээн сайхан тайвшралыг хүнд өгдөг гэдгийг тэр үед үнэхээр сайн мэдэрсэн. Өдөржин уул хадаар зугаалж, ой модон дунд элдвийг эргэцүүлэн суух нь хичнээн жаргалтай байсан гээч. Одоо бол юунд ч, юу ч болж байсан өмнөх шигээ тэгтлээ бачимдаж хямрахаа больсон. Бүгдийг зүгээр л тайван хүлээж авдаг болчихож. Уурлахаа ч больчихож. Урьдынх шигээ өөрөө өөрийгөө гэмтээхээ больсон. Одоо байгаа "би"-дээ 100% сэтгэл хангалуун биш ч өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь бодит "би" болохыг хүсдэг "би" хоёрын хооронд зөрчилдөж, өөрийгөө ойлгохгүй хямардаг байсан бол одоо ингэх шаардлагагүйг ухаарсан юм. 
Шийдвэр гаргах хэцүү үед, яах гээд байгаагаа шийдэхийн тулд ганцаараа байж нэг сайхан ном унших эсвэл агаар салхинд гарч асуудлаа эргэцүүлэн бодох нь зөв юм билээ.  Тэр үед намайг гэртээ байлгаж, олон зүйлийг ухаарах боломж олгосон найздаа их баярлаж явдаг. Бас ээж бид 2-н харьцаа өмнөхөө бодвол арай гайгүй болсон доо.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157