Тэмдэглэл-54
Хүний амьдралын хамаг сайн сайхны үндэс бол тухайн хүний эрүүл мэнд. Эрүүл чийрэг байж л урт удаан амьдарч хүрье гэсэн газраа хүрч, очъё гэсэн газраа очиж, хийхийг хүссэн бүгдээ хийж амьдарна шүү дээ.
"Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал" гэсэн үгийн утгыг урьд нь нээх ойлгодоггүй байжээ. Өргүй болохоороо баян байх нь хаашаа ч юм, өвчингүй л бол жаргал гэдэг нь ч юу гэсэн үгийн гээд ер нь их сөргүүлж боддог байж. Гэвч яах аргагүй эрүүл байна гэдэг юу юунаас илүү жаргал юм байна. Шөнөдөө өвдөж зовиурлах зүйлгүй амар тайван унтаж амрана гэдэг жаргал биш юм бол өөр юу байх билээ дээ. Магадгүй бидэнд анхнаасаа үнэгүй олгогдсон болохоор эрүүл мэнд гэгч зүйлийг тэгтлээ үнэлж хайрлаж чаддаггүй юм шиг. Аргагүй эрхэнд өвдөж зовоод эхлэхээрээ эмнэлэгийн хараа харж хурдан эдгэрч эрүүл болохыг хүснэ. Тэр үедээ л эрүүл байх хичнээн сайхныг мэдрэнэ. Тэрнээс нааш бол ер нь бодохгүй шүү дээ. Үргэлжийн л эрүүл байх юм шиг санаж эрүүл мэндээ хайхрахгүй. Тэгээд л эрүүл мэндэдээ анхаарч байна гээд л биед сайн гэсэн бүхнийг хэрэглээд л, жоохон бие тавгүйрэхэд нь эмнэлэг рүү гүйгээд л, биеэ чагнаад байвал бас ямар хэрэг байх вэ дээ. Ер нь бүх юмыг тунгыг нь тохируулж хэрэглэх нь чухал шүү дээ. Биед сайн гэсэн, муу гэсэн бүх зүйлсийн яг л тунгын нь тохируулаад хэрэглэвэл муудах сайдах зүйлгүй сайхан л байна байх гэж бодох юм.
Би ч өөрөө бас тэгтлээ эрүүл мэндээ бодоод байдаг хүн биш юм. Өчигдөр л гэхэд ханиад хүрээд халуураад байж гараад эмийн сан ороод эм аваад уухаасаа залхуураад л суугаад байгаа хүн шүү дээ. тэгээд бүр хүндэрсэн хойно нь эмийг ар араас нь угсруулж ууж байна. Гэнэт л биеэ бодоод л лаг мундаг болно гэж байхгүй ч бага багаар эрүүл мэнддээ анхаарч ямарваа өвчин тусахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг бага багаар хэрэгжүүлнээ.
Эрүүл бас эрх чөлөөтэй байна гэдэг л хамгийн сайхан зүйл юм даа. Энэ хоёрын хажууд бусад зүйлс ёстой яамай байнаа.
Comments
Post a Comment