Тэмдэглэл-26

Японы олон ангит GOGUSEN буюу танхай багш гэдэг киног үзээд /10-н жилийн өмнө хийгдэж байсан кино/ найзуудаа бодлоо. Одоог хүртэлх миний найзын тухай бодол буруу байжээ. Үргэлж л уулзаж, нэг нэгэндээ тусалж, хамтдаа сайхан байж, бүх зүйлээ ярилцдаг байхыг л нөхөрлөл гэж бодддог байж. Гэхдээ тийм биш юм байна. Хүн болгонд өөрийн шийдэх асуудал, дааж явах зовлон, эдлэх ёстой жаргал бий. Бас өөртөө л хадгалах нууц гэж бий. Үнэхээр дааж чадахгүй байгаа зовлонгоос нь хуваалцаж, хадгалж чадахгүй нууцаас нь хуваалцаж, бас аз жаргалаас нь хуваалцаж нэг нэгэндээ итгэж, нэг нэгнээсээ урвахгүй байхыг л найзууд гэдэг юм байна. Жаргасан үед ч, зовсон үед ч байнга хамт байж чадахгүй, бас эд зүйл, урмаар дэмжиж тусалж  чадахгүй ч чамаас урвахгүй, чамд бүхнээс илүү итгэж чаддаг хүмүүс бол найзууд юм. Дээшлээд сайхан явахад ч, доошоо уруудаад хэцүү явахад ч чамтай нэг л зангаар харьцаж, чамайг хэн бэ гэдгийг мэддэг хүмүүс бол найзууд. Арван жил уулзаагүй байлаа ч өчигдөр л уулзсан мэт сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс бол найзууд билээ. Мэдээж муудалцах, нэг нэгэндээ тунирхах үе бишгүй олон ч тэгтлээ их зүрх сэтгэлийг шархлуулдаггүй болохоор цаг хугацаа өнгөрөхөөр зүгээр л мартагдаад дахиад л юу ч болоогүй юм шиг уулзалддаг. Зүгээр л өөрийг чинь ойлгодог, хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг, ямар ч дүр эсгэх шаардлагагүй, чиний сайн тал, дутагдалтай тал, бүх ааш авирыг чин мэддэг, тэрэнд чинь гомдолдоггүй хүмүүс бол найзууд. Нэгнээ нэгнийхээ үнэн төрхийг хүлээн зөвшөөрч бие биедээ сэтгэл болон цаг зарцуулахдаа харамсдаггүй хүмүүсийн харилцааг л найзууд гэх байх.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157