Тэмдэглэл-34
Ном ушихад бас учир байнаа. Хэлбэр хөөж ном уншдаг гэж нэр зүүх гэж уншдаг хүн байна. Уншсан номныхоо үйл явдал дүрийг ярихаас илүү тэр номыг уншсанаар чи юуг ойлгож, чиний дотоод сэтгэлд ямар өнгө нэмсэн бэ гэдэг нь л илүү чухал гэж боддог. Ном унших мэдээж цагийг үр дүнтэй өнгөрүүлэх сайхан арга ч гэлээ зүгээр л цаг нөгцөөх гэж уншвал уншихын хэрэг байна уу. Жилд 10 ном уншина уу, 10 жилд 1 ном уншина уу хамаагүй уншсан номноосоо ухаарал, гарах гарц, дотоод сэтгэлийн сайхан бүхнийг чинь улам өнгөлж өгөх тэр зүйлийг мэдэрч байвал болох нь тэр. Тэгж өгдөг ном бол хүн бүхэнд өөр. Дахин дахин унших тусам шинэ зүйл олж авна. Гунигтай ганцаардсан үедээ, аз жаргалтай үедээ, арга мухардсан үедээ гээд л ямар ч үед уншсан өмнөхөөсөө өөр мэдрэмжийг чамд өгдөг тэр ном бол мэдээж бидний хэлдэг ширээний ном юм. Нэг удаадаа уншаад л дахиад унших сонирхол төрөхгүй бол тэр ном чиний хувьд сайхан цаг нөгцөөх арга л байж. Хүн ер нь нэг тийм ширээний номтой болвол их зүгээр. Өөртөө тохирсон ширээний номтой олохын тулд заавал дэлхийн сонгодог гэсэн номнууд байх албагүй бас бестселлер гэж хэлэгдэж байгаа ч ном байх албагүй. Бусдын хувьд онцгүй санагдсан уйтгартай ном чиний хувьд сонирхолтой үнэхээр өгөөжтэй тийм ном байхыг үгүйсгэхгүй. Хүн бүхний дотоод сэтгэл өөр. Өөрийнхөө дотоод сэтгэлд тохирсон тийм номнуудыг л уншиж байх хэрэгтэй. Тиймээс би аливаа номны тухай бусадтай ярилцах үедээ энэ сайн ном, муу ном гэж хэлдэггүй, харин миний бодлоор, надад ингэж санагдлаа л чамд ямар байхыг би хэлж мэдэхгүй байна, хүн хүний бодол өөр шүүдээ гэж хэлдэг. Зарим нэг хүмүүс өөрсдийн үзэл бодол нь эцсийн дүгнэлт мэт өөрийнхөө бодлыг хүмүүст тулгадаг, бүр улайран өөрийнхөө зөвийг батлах гэж элдэв гаргалгаа дэвшүүлж нотлохыг оролдоно. Ийм хүмүүсийг харахаар уурлах гэхээс илүү өрөвдөх юм. Үнэндээ ийм хүмүүс ихэвчлэн номыг өнгөц уншдаг. Хэлэх гэсэн санааг нь өөрийн дураар мушгин гуйвуулдаг. Яг л нэг худлаа рок царайлж, хэлбэр хөөдөг хүмүүс шиг санагдаад байдаг юм. Ном унших гэдэг мэдлэгтэй болохоос гадна номон дох ертөнцөөс өөрийнхөө өчүүхэн ертөнцийг олж нээх л шүүдээ.
Comments
Post a Comment