Тэмдэглэл-27
Надад өмсөж зүүх брэнд хувцас байхгүй ч хямдхан ч гэсэн загварлаг хувцаснууд бий. Хөл дүүлжлэх машин байхгүй ч автобусанд суугаад хаашаа ч хүрэх боломж байна. Тансаг орд харш биш ч хариад очих, сэтгэл амар унтах умгар ч гэсэн байшин байна. Авья гэсэн бүхэнд минь хүрэлцэхгүй ч амьдарахад минь тусладаг авдаг цалин байна. Улсдаа томоохон гавъяа байгуулаагүй ч тогтмол татвараа төлөөд яваад л байна. Тусалж дэмжээд сүйд болдоггүй ч гай болдоггүй мөрөөрөө амьдардаг хамаатнууд минь байна. Хэцүү үед минь гомдоллохыг минь сонсож миний талд байдаг найзууд минь байна. Хэрүүл уруултай хэцүү байдаг ч намайг хайрладаг гэдгийг нь мэддэг гэр бүл минь байна. Гэрээсээ гараад хаашаа ч сэтгэл амар явах орчин байна.
Ингээд бодохоор Монголдоо бол яахав дээ амьдрал л байх. Гэхдээ зарим нэгэн улсын ард иргэдийн мөрөөдлийн амьдрал ч юм билүү. Эдийн засаг хэцүү байгаа ч тураад үхсэн хүн байхгүй л байгаа. Энхтайван дайн тулаангүй байна гэдэг нь л гол. Зарим улсын хэдэн сая хүмүүсийн мөрөөдлөөр би амьдарч байгаа ч сэтгэл гонсгор байх нь жаргалдаа ташуурсаных юм болов уу. Бас зарим улсын хэдэн зуун сая хүмүүсээс дор амьдарч байгаагаа мэдэж илүүг хүсэх нь хүний муухай шунал юм болов уу.
Comments
Post a Comment