Тэмдэглэл-157

Зүүдэндээ л амьдармаар. Зүүдэндээ л бодит ертөнцөөс илүү адал явдалтай, аз жаргалтай, хамаагүй эрх чөлөөтэй байх юм. Өглөө сэрэх болгондоо зүүд байсанд нь харамсавч орой унтах бүрийдээ юу зүүдлэх бол гэдэг нь сонирхолтой байх юм даа. Гэхдээ бодит ертөнц маань зүүдний ертөнцөөс минь илүү байсан бол ингэтлээ нойрмог байхгүйсэн.
Саяхан Агуу Гэтсби-г үзлээ. Урьд нь яагаад ч юм бэ номыг унших киног нь үзэх сонирхол төрдөггүй байлаа. Номыг нь уншаагүй болоод ч тэр үү кино нь л лав дажгүй л санагдлаа. Leonardo их сайн тоглосон байна лээ. Өөрөөсөө илүү өөр хүнийг хайрлах нь ямар хүнд хэцүү вэ гэдгийг их сайн харуулсан юм шиг. Нэг талын иймэрхүү хайрыг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргадаг болохоор эрэгтэй хүний сэтгэлийг харах их сонирхолтой юм. Гэхдээ энэ бол зөвхөн уран зохиол дээр л байх зүйл л дээ. Бодит амьдрал дээр Гэтсби шиг  эрчүүд ховор байх. Хамтдаа байсан жижигхэн аз жаргалтай дурсамжаа бодон олон жил нэг л хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, тэр хайртай хүнээ өөрийн болгохын тулд зүрх сэтгэлийг нь татахын тулд юу ч байсан хийж, хичээж ирсэн Гэтсбиг шиг эрчүүд цөөхөн л байх. Би хувьдаа Daisy-г ойлгож байнаа.  Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, юу ч байсан хамаагүй зориулах залууг хараад  зүрх сэтгэл нь догдловч эргүүлээд хайрлана гэдэг нь өөрөө бас хэцүү зүйл шүү дээ. Өөрийг минь өөрөөс минь илүү хайрлах хүнийг эргүүлээд яг тэгж хайрлаж чадахгүй байх чинь асар их сэтгэлийн дарамт байх. Магадгүй Гэтсби үхсэн нь зөв болсон юм. Тэр Daisy-г өөрөөс нь татгалзахыг харж байхаар өөрт нь хайртай гэсэн бодлоор үхвэл илүү амар байхыг зохиолч бодсон байх. Магадгүй Агуу Гэтсби гэж нэрлэсэн нь эр хүнээс хэр барагтай л гарахгүй чин үнэнч хайрын сэтгэл, хайртай хүнээ буцааж өөрийнхөө дэргэд байлгах гэсэн асар их хүсэл тэмүүлэлтэй түүндээ хүрэхийн тулд оргүй хоосноос баян эр болж хувирсан нэгний тухай болохоор. Эрчүүд хэзээ ч эмэгтэй хүнийг ойлгохгүй, түүний зүрх сэтгэл юу хүсдэгийг мэддэггүй. Daisy үнэндээ нөхөртөө л хайртай байсан юм шиг санагдсан. Гэвч нөхөр нь шалиг завхай өөрийг нь байнга л хуурна, халамж муутай нэгэн байсан болохоор сэтгэл нь өвдөвч хайртай тулдаа л тэсээд байсан түүний амьдралд гэнэтхэн урьдны хайр нь гарч ирэн нөхрөөсөө хүсч байсан тэр их хайрыг өөрт нь өгсөн боловч эцсийн эцэст нөхрөө л сонгодог. Эмэгтэй хүний зүрх сэтгэлийг таамаглахийн аргагүй. Бид өөрсдөө ч яахаа мэддэггүй шү дээ. Нэг ёсны гачлан шийтгэл юм шиг.
Магадгүй олон хүний хувьд Daisy муу эмэгтэй шиг санагдах байх. Бас маш азтай. Эмэгтэй хүн бүр л эр хүнд тэгж хайрлагдахыг хүсдэг. Хэрвээ би Daisy-н оронд байсан бол хэзээ ч Гэтсби-д итгэл найдвар өгөхгүй байсан юм. Өөр хүнд хайртай болсноо амлалт маань альхэдийн үгүй болсон гэдгээ хэлж түүнийг өөрөөр аз жаргалтай амьдар гэж хэлэх байсан боловч магадгүй Daisy ч ингэж хэлэхийг хүсч байсан боловч сэтгэлийн шаналалаа мартахын тул нөхрөөсөө хариугаа авахын тулд Гэтсби-г ашигласан байх.
 Энэ ховоогийн хамгийн яршигтай төвөгтэй зүйл бол бас маш энгийн сайхан зүйл бол эр эм хүмүүсийн хайр сэтгэл юмдаа.
Бас нэг зүйлийг би ойлгосон нь энэ хорвоод хоргодоод байгаа зүйл минь хайр л юм байна.

 http://tomyo-bodyo.blogspot.com гээд бас нэг гоё блог байдаг юм байна.




Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь