Тэмдэглэл-58

Өнгөрсөн 7 хоног үнэхээр завгүй өнгөрлөө. Өнгөрсөн 7 хоног шиг ажиллаагүй 3, 4 жил болсон байна. Сэлэнгэд 7 жил амьдарсан хэрнээ ерөсөө Дарханд очиж байсангүй. Ер нь л Дарханыг тойроод яваад байсан байна. Өнгөрсөн 7 хоногт Дарханд томилолтоор очиж ажиллаа. Өглөө 9-с орой 10 хүртэл ямар ч завсаргүй ажилаа хийлээ. Интернэт орж FB ухах ч чадсангүй, бүр зурагт ч үзэж чадсангүй. Орой буудалдаа ирээд л нам унтаад л өглөө босоод л ажилдаа явна. Ажлаа хурдан дуусгахын тулд анхаарлаа өөр юманд сатааруулахгүй байсаар нэгмэдэхэд 7 хоног өнгөрчихөж. Дархан үнэхээр хөл хөдөлгөөн багатай, нам гүм сайхан хот юмаа. Хаашаа ч явсан таксигаар 500 төгрөг юм байна. Автобус нь болохоор 300 төгрөг. Зам нь ямарч түгжрэл байхгүй шууд шууд яваад л оччихно. Би энд ажилдаа ирэх, гэрлүүгээ харихдаа өдөрт бараг 2-3 цаг зарцуулна. Тэнд  хүмүүс 5-10 минут л зарцуулна. Гэхдээ хүмүүс нь жаахан хөндий харьцаатай хүмүүс байх юм билээ. Дарханд байх надад яагаад ч юм бэ 1991, 1992 онд байгаа юм шиг мэдрэмж төрж билээ.
Хүмүүстэй танилцаад нэрээ хэлэх миний хувьд их  төвөгтэй. Анх сонссон хүмүүс бүгд гайхна. Заавал 2-3 удаа давтан хэлнэ. Болохгүй бол үеэр нь  тасалж хэлнэ. Тэгээд л нэрнийхээ утга учир, хэн яагаад өгөх болсоныг ярина. Энэ үе шатыг алгасч байсан удаа ерөөсөө нэг ч байхгүй. Гоё сонсголонтой биш, бас аймар утга учиртай биш ч гэлээ өвөрмөц нэр л дээ. Инга бол мэдээж биш л дээ. Зөвхөн энэ 4 үсэгнээс л миний нэр бүтдэг юм. Монголд над шиг нэртэй хүн гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Над шиг нэртэй хүмүүсийн ахмад нь би л байх. FB-гээр л лав хайсан нэг охин гарч ирж байна лээ. Монголын нэрт зохиолчийн нэгэн томоохон роман дээр гардаг жижигхэн дүрний нэр л дээ. Хүмүүс зохиолыг нь мэддэг хэрнээ миний нэртэй дүрийг нь мэддэггүй юм. Аав минь залуудаа тэр романыг уншчихаад охинтой болвол заавал энэ нэрийг өгнө гэж боддог байсан гэсэн. Тэгээд намайг төрөхөд аав хэнд ч хэлэлгүй миний төрсний гэрчилгээг очиж аваад нэрийг минь бичүүлээд аваад ирсэн гэсэн. Бүгд л дотроо өгөх нэрээ бодчихсон байсан хүмүүс их гомдсон гэсэн. Ялангуяа эмээ маань. Том хүүгийнхээ анхны хүүхдэд нэр өгнө гээд бэлдчихсэн байсан болохоор өгч чадаагүйдээ гомдоод аавд уурлаад бөөн юм болсон гэсэн. Хачин нэр өглөө гээд л, нэрийг маань их голсон гэсэн. Заримдаа нэр маань надад хүндэдчихсэн юм шиг санагддаг. Ховор өвөрмөц нэртэй байх сайхан ч гэлээ, энэ нэрийг өндөрт өргөж явж чадахгүй юм гэхэд шороотой хутгаж болохгүй юм шиг санагддаг. Тиймээс ядаж нэрээ бодоод ч болтугай хүн шиг л явахгүй бол болохгүй юм шиг. Гэхдээ нэрэндээ хайртай л даа. 
Өдий хүртэл олон хүмүүстэй танилцаж нэрээ хэлэхэд нэг л хүн шууд мэдээд хэлж байсан. Тэр үед их баярлаж байсан шүү. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157