Тэмдэглэл-71
Нилээн дээр "Нууц"-ын тухай киног нь үзэж, номыг нь уншиж байлаа. Оюун ухаан болон зүрх сэтгэлээсээ хүсч байгаа зүйлдээ 0%-ийн эргэлзээгүй бат итгэвэл тэр зүйл чинь биелэнэ гэсэн утгатай. Манайхны хэлдэг "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэсэн үг Нууц-н эсрэг юм шиг. Хичнээн их итгэж найдсан ч тэр нь бүтэхгүй бол дээрх хэлцийг хэлдэг шүү дээ. Аан энийг л "Нууцын хүч" гээд байгаа юм байна гэсэн жижигхэн үйл явдал энэ зун болсон юм. Нэг өдөр яаралтай Төрийн банкинд гүйлгээ хийх болоод ойр байгаа салбар дээр нь очсон нилээн их хүн байна шүү. Тасалбар авдаг машинаас нь дугаараа авсан чинь 147 гэсэн дугаар байна. Тэгсэн дараалал дууддаг машин нь 140 дээр явж байхаар нь хүн ихтэй ч гэсэн үйлчлүүлэх хүн нь бага байгаа юм байна гэж бодоод л баярлаад утсаа оролдоод сууж байваа. Тэгээд яг 144 дээр дуудаж байсан нэг жирэмсэн эгч надад дээр ирснээ 2-лаа дугаараа сольчихоё. Хүн хүлээж байгаа юм. Ирж амжихгүй юм шиг байна гээд тасалбараа надад өглөө. Тэр тасалбар дээрх дугаарыг харсан 147. Өөрийнхийгөө харсан 174 байсан юм. Үнэхээр их гайхсан шүү. Би өөрийнхөө тасалбарын 2 орныг андуурч хараад түүндээ бат итгэчихсэн байсан. Би ерөөсөө тэр дугаарыг дахиж шалгаж хараагүй. Зүгээр л 147 гээд бодоод л сууж байсан. Магадгүй би тасалбараа дахиж хараад 174-г нь мэдсэн бол тэр эгч над дээр ирж дугаараа өгөх байсан уу, үгүй юу. Энэ үнэхээр сонирхолтой шүү. Гэхдээ яг тэр бат итгэлийг хүн гаргахад их хэцүү юм шиг. Наанаа яг бат итгэчихсэн юм шиг хэрнээ цаанаа буюу далд ухамсартаа эргэлзээд байдаг юм шиг. Тийм болохоор л хүссэн бүхэн минь биелэдэггүй байх. Хүссэн зүйлдээ бат итгэлтэй хүн өөрийн эрхгүй түүнийхээ төлөө үйлдэл гаргаж эхлэдэг. Тэр үйлдэл нь хүссэн юмаа өөрийн болгоход чиглэгдсэн байдаг гэсэн. Би ч гэсэн зүгээр сууж байсан минь өөртөө бат итгээд дахиж тэр тасалбарыг шалгаагүй нь миний хийсэн үйлдэл байх. Хүсч байгаа зүйлийнхээ төлөө ямар нэгэн үйлдэл гаргахгүй зүгээр л бодоод байна гэдэг маань тэр хүсч байгаа зүйлдээ эргэлзээд л байна гэсэн үг юм байна гэдгийг би эндээс л ойлгосон юм. Тэгэхээр би ямар нэгэн зүйлийг хүсч байгаа хэрнээ юу ч хийхгүй байгаад байвал энэ миний чин хүсэл биш зүгээр л шунал юм байна гэж ойлгодог болсон.
Comments
Post a Comment