Тэмдэглэл-62
Амгалан тайван өдрүүд үргэлжилсээр л...Уйтгартай санагдаж байна. Учиргүй жаргаад ч байгаа юм алга, үйлээ үзээд зовоод ч байгаа зүйл алга. Ийм байхын оронд зовсон шиг зовоод жаргасан шиг жаргах юмсан. Бодоод байсан миний амьдрал дандаа л нэг алтан дундаж байх юм.
Боловсролгүй биш ч мундаг өндөр боловсролтой бол биш
Царай муутай биш ч хөөрхөн бол биш
Намхан биш ч нээх өндөр бол биш
Туранхай биш ч тарган бол биш
Муухай зан арашинтай биш ч учиргүй сайхан зантай бол биш
Муу найз байхгүй ч үлгэр дуурайлал болсон мундаг лаг найз байхгүй
Ажил ихтэй ч юм шиг үгүй ч юм шиг
Залхуу биш ч үнэхээр ажилсаг нэгэн бол биш
Хүйтэн хөндий хүн биш ч халуун дулаан хүн бол биш
Хулчгар биш ч туйлын зоригтой бол биш
Хийж байгаа юм байвч бусдад гайхуулахаар зүйл алга гэх мэт...
Нэг л тийм бүлээнхэн амьдарч байна. Нэг бол мөс шиг хүйтэн үгүй бол гал шиг халуун амьдармаар байна.
Би өөрөө л амьдралдаа эрсдэл гаргаж зоригтой тэмцэж чадахгүй болохоороо нэг ийм бүлээнхэн амьдарч байна. Үргэлж өөрийгөө аюулгүй байлгах тэгсэн мөртөө өөртөө нээх ашигтай биш шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Тэдгээр шийдвэр сонголтуудын үр дүн нь миний одоогийн байгаа гэж хэлэхэд хэцүү байхгүй гэж хэлэхэд хэцүү байдал. Энэ аюулгүй, амар тайван мөртлөө уйтгартай нөхцөлөөс өөрийгөө гаргах юмсан.
Comments
Post a Comment