Тэмдэглэл-29

Ном гэдэг үнэхээр гайхалтай зүйл юм. Номоор дамжуулж хүмүүс боловсрол, мэдлэг, хүсэл мөрөөдөл, зорилгоо, бас өөрийгөө олдог. 2013 онд сэтгэл санаагаар унаад өөртөө итгэлгүй болсон үедээ Сандуйжавын Батсүх гэдэг  эмэгтэйн "Төсөөлөн мөрөөдвөл биелнэ" гэсэн номыг уншсан юм. Энэ номыг уншаад би зүгээр л өнгөрсөндөө харамсаж, өөрийгөө уучлахгүй, бүх л болж бүтэхгүй зүйлд өөрийгөө ч өрөөлийг ч буруутгаж тэрэндээ шаналж, өөрийгөө хэн гэдгээ олж чадахгүйдээ бухимдаж явсанаа ойлгосон юм. Өнгөрсөндөө харамсч өөрийгөө буруутгах биш харин ч талархах хэрэгтэй байж. Өнгөрсөнд гаргасан буруу шийдвэрүүдээ болдогсон бол буцаамаар байдаг ч тэр шийдвэрүүдийн үр дүнд олон сайн хүмүүстэй уулзаж найзууд болж, бас таагүй хүмүүстэй уулзаж тэндээс туршлага, сургамж авсан. Бас анхны хайртайгаа учирсан, өөрийгөө үнэхээр дайчилж чадвал юу ч хийж чадах юм гэдгээ мэдсэн гээд л олон сайхан зүйл байсан. Гэхдээ сайн сайхан зүйлийг нь бодолгүй дандаа буруу зүйлийг нь бодоод л тэрэндээ харамсаад өөрийгөө сул дорой мэт бодож бачимдаж байсан гэдгээ тэр номыг уншаад л мэдсэн юм. Магадгүй өөрийн хүсээд байгаа сонголтоо тэр үед хийсэн бол бодсон шиг минь сайн сайхан зүйл тохиолдохгүй бүр хэцүү ч байх байсан юм бил үү. Магадгүй би өөрийн хүлээж авч чадах аз жаргал, зовлон гунигтаа тохирсон сонголтуудыг хийсэн байх. Эдгээрийг ойлгосон болохоор одоо илүү амар амгалан тайван байгаад сурчихаж. Өөртөө болон өөрөөс шалтгаалахгүй зүйлд бухимдан бачимдахгүй байх хичнээн сайхан гээч. 
Хэн хэлсэн гэдгийг нь санахгүй байгаа ч нэг ухаантай хүний хэлсэн
"Хэцүү үедээ сайн ном унш. Номонд үргэлж гарах гарцыг бичсэн байдаг" гэдэг үг үнэхээр үнэн шүү. Ямар нэг төвөгтэй байдал үүсэхэд би ном уншдаг. Үнэхээр "Аан. Ийм байх нь ээ." гэсэн бодол үргэлж төрдөг. Тэгээд л юу хийхээ шийддэг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157