Тэмдэглэл-28
Би үргэлж хий хоосон олон зүйлсийг мөрөөддөг ч гэлээ хэзээ нэгэн цагт эдгээр мөрөөдлүүд минь намайг байх ёстой газарт минь аваачина гэж итгэж байна. Үргэлж өөрийгөө өөрчлөх юмсан, одоо байгаагаасаа илүү мундаг болох юмсан гэж хүсч хичээдэг боловч өөрийнхөө муу занд уруу татагдаад ялагдчихаад байх юм. Тэгээд л урсгалаараа яваад л байна. Хүн болж төрснийх хүнийхээ үүргийг биелүүлээд, бас эрхээ эдлээд амьдармаар байна. Бусдыг шархлуулж, өөрийгөө буруутгаж ямар нэгэн зүйлд харамсаж амьдармааргүй байна. Өөрийнхөө хүсдэг тэр хүн л болж өөрчлөгдмөөр байна. Гэвч би гэдэг хүн үнэхээр тогтворгүй. Өглөө хүсч байсан зүйл өдөр гэхэд өөрчлөгдөнө. Орой дахиад л өөр юм хүснэ. Яг юу хүсээд байгаагаа мэдэх юм алга. Жинлүүрийн орд болоод ч тэр үү үнэхээр хувьсаж өөрчлөгдөхдөө амархан. Өөрийнхөө энэ занд үнэхээр дургүй. Бусад шиг тогтвортой байж хүсч байгаа зүйлээ олоод тууштай явах юмсан. Гэвч яах гээд байгаагаа мэдэхгүй болохоор хичээж зүтгэж чадахгүй юм. Яг л салхинд хийсэх хамхууль шиг. Нэг ийшээ, нэг тийшээ.
Намайг 10 настай байхад анх Хуанжу гэг гарч байлаа. Энэ киног үзээд яагаад юм бэ том болоод жүжигчин болохоор шийдсэндээ. Кино үзсэнийхээ дараа эмэгтэй гол дүрд нь өөрийгөө тоглож буйгаар төсөөлдөг, би байсан бол энэ киног ингэх байсан гээд л их боддог байждээ. Гэвч 10-иад жилийн өмнө намайг оюутан болоход кино урлагийн салбар их муу байсан даа. Тэгээд ч би жүжигчин болох хүсэлтэйгээ гэрийнхэндээ хэлж чадаагүй юм. Ядуу айлын том охин болохоор баталгаатай, төгсөөд ажлын байр олоход амархан гэдэг утгаар тэр үед ид моодонд ороод байсан нягтлангаар гэр бүл, хамаатан садныхаа ятгалгаар сурсан даа. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг зүрхэндээ булшлах ямар хэцүү байсан гээч. Магадгүй өнгөрсөн бүхэнд миний хямарсан, залхсан, зугтмаар санагдсан үеүд бол амьдарахын төлөө өөрийн биш замаар явсандаа харамссан даа дахиж буцах аргагүй болсондоо л тэгсэн байх. Гэхдээ ирээдүй байна. Өөрийгөө кино урлагтай холбох юм сан. Заавал жүжигчин болох албагүй ч гэлээ. Би кино урлагт үнэхээр дуртай. Өдөр шөнөгүй кино үздэг гэж ээждээ загнуулдаг ч, кино үзээд сайжирсан юм байхгүй ч, алдсан ч юм байхгүй ш дээ. Бусад хүн юу гэж байсан ч өөрийнхөө зөв гэсэн зүйлээ хийх нь дараа нь буруу байсан ч хамаагүй эцэст хийхгүй яавдаа гэсэн харамсал дагуулахгүй шүүдээ. Харамсах гэдэг үнэхээр хэцүү шүүдээ. Хүүхэд байхдаа үнэхээр авъяаслаг, эрч хүчтэй байж дээ. Тэр үеийн би одоо ийм болсон гэхэд итгэмээргүй. Яагаад ийм болсон юм бол.. 15-тай би одоо өөрийгөө харах юм бол үнэхээр урам хугарах байхдаа. Хүн гэдэг жилээс жилд ухаан сууж улам л илүү сайн болж хөгжих байтал би гэдэг хүн уруудсан ч юм шиг. Гэхдээ энэ хугацаанд сурсан зүйл гэвэл буруу ч зөв ч бай бусдын замаар явахгүй өөрийнхөө шийдвэрийг гаргаж тэрүүгээрээ л явна. Энэ нь амар юм билээ. Буруу байлаа гэхэд харамсах сэтгэл төрдөггүй, харин ухаарал олж авдаг юм билээ.
Comments
Post a Comment