Тэмдэглэл-33
Нэг хэсэг тогтвортой байсан сэтгэл санаа минь дахиад л тогтворгүй болоод эхэллээ. Үнэндээ энэ уналтаас залхаж байна. Өдий 28 нас хүрчихээд өөрийгөө ч ойлгохгүй, юу хийж цаашдаа амьдармаар байгаагаа ч мэдэхгүй, чин сэтгэлээсээ хүссэн хүсэл мөрөөдөл, зорилго алга. Нэг л их зорилго зорилт дэвшүүлсэн хүн. Түүндээ ч нэг алхам ойртсонгүй. Үнэхээр хүссэн зүйл биш болохоор ч тэр үү нэг л урагшлахгүй юм. Зүгээр л өөртөө итгүүлээд өөрийгөө хүчлээд ч байгаа юм шиг. Дуртай зүйлээ хийгээд явъя гэхээр мөнгө хэрэг болно, мөнгө олохын тулд дургүй зүйлээ хийх гэж өөрийгөө шахна. Нэг тийм тойрогт орсон мэт. Энэ тойргийг сэт татаад өөр зүг рүү явмаар санагдаж байна. Даанч сэт татах чадал хүрэхгүй байна. 30 нас гэдэг бол цаашдаа яаж амьдрах тэр л замаа тодорхойлоод эрч хүчтэйгээр урагш тэмүүлэх нас гэж боддог. Ер нь амжилтанд хүрсэн дийлэнх хүмүүс 30 нас гараад л амжилтанд хүрсэн байсан. Гэтэл надад тийм их цаг хугацаа алга. Үеийн мундаг залуучууд альхэдийн өөрийн зорилго мөрөөдлөө тодорхойлоод урагшаа тэмүүлж байхад би гэдэг хүн эргэлдээд л, эргэлзсээр л. Өөрийгөө бусадтай харьцуулах дургүй ч яагаад ч өөртөө урам хугараад байх юм. Дахин дахин өөртөө ялагдаад байх үнэхээр дургүй хүрмээр юм. Санасан бодсон юмаа уул нь хэрэгжүүлээд өөрийгөө чадваржуулаад явбал сайхан байгаа ч даанч тэгж чадахгүй юм. Уул нь тийм тэнэг биш л юмсан. Саад болж байгаа зүйл бол ердөө залхуу зан, хүсэл тэмүүлэлгүй байдал юм. Гаднаасаа бол нэг л тайван дөлгөөн, зан ааш сайхантай сайн сайхан хүн. Дотроо бол бөөн зөрчилдөөн. Ингэж дотроо зөрчилдөж байсанаас дотор сэтгэлдээ тайван байж, харин гаднаа хүмүүстэй зөрчилдөж байвал илүү дээр санагдаж байна. Эсвэл миний энэ эргэлзээ төөрөгдөл бүх хүмүүст байдаг юм болов уу. Насны минь онцлог юм болов уу. Хүмүүст би энэ тухайгаа хэлдэггүй шиг хүмүүс бас надад энэ тухайгаа ярьдаггүй болохоор би мэдэхгүй байгаа юм болов уу. Ганцхан би л ингээд будилж төөрөөд яваад байгаа биш биз дээ.
Фэйсбүүк уншиж байхад “ Өөрийгөө хүсэл зорилго, мөрөөдөл нэгтэй хүмүүсээр хүрээлүүл. Тэгвэл чи амжилтанд хүрнэ” гэсэн байсан. Амжилт гэж юу юм бол. Өөрийн хүсэл, зорилгоо тодорхойлоод хүрье гэсэн оргилдоо хүрэх байх гэж бодож байна. Тэгээд эргэн тойрны хүмүүс, найз нөхдөө бодсон бүгд л ижил зорилго хүсэлтэй байсан. Тэр нь юу вэ гэвэл өөрийн эрхэлж буй ажил мэргэжлээрээ өсч дэвжин эсвэл дуртай зүйлээ хийж санхүүгийн эрх чөлөөнд хүрч өөрийн гэсэн орон байртай, унах унаатай, жилдээ 1-2 удаа гадаад, дотоод явж амардаг, сайхан хамт олонтой, найз нөхөдтэйгээ хааяа гарч зад шоуддаг, гэр бүл нь элэг бүтэн эрүүл энх байх, нийгэмд өөрийн чадах чинээгээр сайн үйлс хийж хүмүүст туслаж байх, бусдад хүндлэгдэн нэр хүндтэй амьдарах. Энэ бол тэдний амьдралын зорилго, хүсэл тэмүүлэл. Өөр өөрийн аргаар дээрх зорилго руугаа тэмүүлж байгаа хүмүүс. Үүнийг би ч гэсэн хүсч байна. Ер нь үүнийг хүсдэггүй хүн гэж байхгүй шүү дээ. Гэвч яагаад ч юм энэ мөрөөдөл сэтгэлд минь наалдаж өгөхгүй юм. Би нэг юмаа удаан хийх дургүй,амархан уйддаг зантай. Янз бүрийн юм хийж үзэхийг хүсдэг. Одоо энэ ажлаасаа ч залхаж байна. Гэвч өөр олигтой хийж чаддаг зүйл ч байхгүй, чадвар ч байхгүй. Олон зүйлийг хийхийг хүсдэг ч тэрэндээ тохирсон чадварлаг биш болохоор өөртөө уур хүрч байна.
Ямар ч урамгүй
Ямар ч итгэлгүй
Ямар ч сэтгэлгүй
Зүгээр л хөндий хоосон бие
Амьсгалахаас өөр юуг ч үл хийнэ/Фэйсбүүкт энэ мөртүүд байсан нь их таалагдсан/
Comments
Post a Comment