Тэмдэглэл-42
Эмэгтэйчүүд бид өөртөө итгэлтэй байх тал дээр эрчүүдээс дулимаг юм шиг санагддаг. Үргэлж өөртөө эргэлзээ л. Эрчүүдийн өөртөө итгэлтэй, зорилгодоо бүрэн дүүрэн анхаарал хандуулж, зүтгэж чаддаг шинж чанарт нь атаархдаг шүү. Би бол өөртөө тийм итгэлтэй нэгэн биш. Тийм болохоор ямар нэгэн чухал шийдвэр гаргах болохоороо үргэлж эргэлзэж тээнэглэздэг. Энэ чанар минь одоо бодоход олон сайхан боломжыг алдахад хүргэсэн байна. Энэ сул талтайгаа тэмцээд засахыг хүсэвч санааны зоргоор болохгүй юм даа. Цөөхөн хэдэн эмэгтэйчүүд л энэ асуудлаа давж амжилттай явж байгаа байх. Удирдах албан тушаалд ихэвчлэн эрчүүд томилогддог нь ийм л учиртай байх.
Одоо хүсч байгаа чухал зүйл бол үнэхээр өөртөө чин сэтгэлээсээ итгэдэг болмоор байна. Хийхийг хүссэн зүйлээ хийж чаддаггүй, хүссэн зорилгодоо хүрч чаддаггүйн ганцхан шалтгаан бол өөртөө энэ бүхнийг хийж чадна гэсэн итгэл байхгүй. Итгэл байхгүй болохоор юу ч хийхгүй байна. Хийсэн ч санаанд минь хүрэхгүй юм.
Өөртөө итгэлтэй, хүссэн зүйлээ хийж чаддаг мундаг эмэгтэй болчихоод ээж болмоор байна. Одоо байгаа би ээж болох юм бол хийж амжаагүй зүйлсдээ харамсч, үр хүүхдээ ч гэсэн өөр шигээ болгож хүмүүжүүлсэн муу ээж болж магадгүй.
Comments
Post a Comment