Тэмдэглэл-39
Миний эргэн тойрон дох хосууд гэрлэх нь гэрлэж бас салах нь ч салж байна. Гэрлэж байгаа хүмүүсийг хараад атаархавч салж байгаа хосуудыг харахаар хайр гэгч юу болохыг ойлгохоо байчих юм. Хайртай дуртай, хэзээ ч салахгүй гэж гэр бүл зохиочоод хэдэн жилийн дараа хүүхдүүд нь овоо том болоод амьдрал нь тэгшрээд гайгүй болоод ирэхээр салчих юм. Тэгээд л 1-2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Салж байгаа гол шалтгаанууд нь бол:
-Үл ойлголцол
-Хоёр талын гэр бүлүүд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь амьдралд нь хэтэрхий их орж үймүүлэх
-Өрхийн хангалттай бус орлого
-Хууран мэхлэлт болон хэтэрсэн хардалт
Мэдээж гэр бүл салалтаас хамгийн их зовж шаналдаг нь хүүхдүүд. Би ч гэсэн энэ шаналлыг мэдэрч л байлаа. Намайг ид өсвөр насандаа байхад аав ээж минь хоёр тийш болж байлаа. Ухаан орох цагаасаа л аав ээжийн хэрүүлийг харж өссөн л дөө. 90-иэд он тэглээ ч нийгэм хэцүү цаг үе байсан. Гэр бүл болгонд л архины хэрүүл тасардаггүй байсан байх. Манай гэрт ч ялгаагүй аавын архи хэтрүүлэн хэрэглэдэг байдал нь хэрүүл шуугианы үндэс болдог байлаа. Тэр нь даамжирсаар салах болсон юм. Магадгүй тийм орчинд өссөн болохоор одоо согтуу ухаанаа алдчихсан, арчаагүй царайлаад явж байгаа залуусыг харахаар өөрийн эрхгүй уур, зэвүү хоёр хүрдэг. Ямарч шалтгаантай уусан ер нь хамаагүй. Тэглээ ч архи гэдэг зүйл хэзээ ч зовлон,гунигаа давахад тусалж байгаагүй. Харин ч улам л буруудуулаад л байдаг. Зовлон гуниг хэцүү зүйлтэйгээ хүн эрүүл ухаанаар хандаж түүнийг даван туулах хэрэгтэй. Тэрнээс биш сэтгэл санаа хэцүү байна гээд уух нь зүгээр л шалтаг. Харин оронд нь баяр баясалтай, сайхан зүйл тохиолдсон бол тэрнийгээ тэмдэглэж тохируулж уух хэрэгтэй гэж боддог. Тэр үед шилжилтийн ид эмзэг насан дээрээ явж байсан болохоор буруу зүйлд уруу татагдахад бэлэн байлаа. Ээж минь 3 хүүхдээ тэжээх хоолны мөнгө олохын тулд бидэнд анхаарал тавьж амжихгүй ажилладаг байсан юм. Миний нийлдэг байсан хүүхдүүд маань ч бас бүгд л өөр өөрийн гэсэн шалтгаантай хэцүү гэсэн нэр зүүхэд бэлэн хүүхдүүд байлаа. Гэвч ном уншдаг байсаны хүчээр олон зүйлийг эргэцүүлж боддог байсан болохоор тийм зам руу орохоосоо өмнө өөрийгөө ч найзуудаа ч татаж чадсан гэж боддог. Би гэдэг хүн доороо 2 дүүтэй, хэрвээ буруу зам руу орвол миний хоёр дүү ч бас буруу зам руу орно. Дээрээс нь хүүхдүүдээ бодоод өөрийгөө ч хайхралгүй зүтгэж байгаа ээжийгээ бодоод дахиад өөрөөсөө болж ээждээ зовлон нэмэхийг хүсээгүй. Тиймээс муу зүйлсээс татгалзаж найзуудаа ч ятгаж хамтдаа л давсан. Хүүхдүүдийн ертөнц их сонин шүү. Тэнд нэг нэгэндээ итгэж найдах гэдэг ер бусын хүчтэй. Гэвч тэр хүч насанд хүрээд нийгэмийн харилцаанд оролцоод ирэхээр багасдаг юм шиг. Бид хүүхэд байсан хэрнээ аав ээжүүд болохоороо хүүхдүүдээ ойлгохоо больчих юм. Хүүхдүүдийнхээ сэтгэлийг аав ээжийн сэтгэлээр хараад байдаг болохоос биш хүүхэд байсан үеийнхээ сэтгэлээр харж чаддаггүй юм шиг. Тэр үед хамт байсан найзууд минь одоо сайхан ээжүүд, аавууд болсон. Ганц хоёр нь бүр алдарт эх болсон. Мэдээж амьдралд олон зүйл тохиолдоно, хэцүү байдаг ч яаж давж туулах, асуудлаа яаж зохицуулахаа тэд нар маань мэднэ. Магадгүй гэр бүлийн үл ойлголцол, салатын шархыг багадаа амсаж үзээгүй хүүхдүүд аав ээж болсон хойноо үр хүүхдийнхээ сэтгэлийг бодохгүй илүү материаллаг зүйлс болон бусдын хандлагад хэт анхаараад салаад ч байгаа юм шиг. Магадгүй хүүхдүүд одоо анхаарахгүй ч , буруу зам руу орохгүй ч энэ байдал цаанаа амьдралд нь нөлөөлж л таарна. Би бол одоо хичнээн сайн залуу байлаа ч тэгтлээ их итгэж найдаж чаддаггүй. Сэтгэл дотор минь үргэлж нэг тийм айдас байдаг. Бас заримдаа аав ээж хоёрт хачих их уур хүрдэг. Юм ярих хүртэл ядаргаатай санагддаг. Магадгүй гаднаа зүгээр байгаа ч цаанаа би тэр хоёрыг уучлаагүй юм шиг санагддаг. Тийм болоод л би аав ээжийн хайр энэрэлийг магтан дуулсан дуу, шүлэг сонсох их дургүй. Бас гэр бүл зохиож ээж болно гэхээс айж байна. Гэхдээ хорвоогийн жам хойно хүний эхнэр болох л байх даа.
Хүмүүс хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр нэг нэгнээ хангалттай сайн мэдэж амжаагүй бас нэг нэгнийхээ найз нөхөд, ах дүүтэй сайн танилцаагүй байж гэрлэдэг. Эсвэл жирэмсэн болоод суухаас өөр аргагй байдалд ороод гэрлэдэг. Гэр бүлийн амьдралд олон л зүйл тохиолдоно. Гол нь нэг нэгнээ гэсэн сэтгэл тултал гарахгүй байгаа юм шиг. Ээж минь хэдийгээр ааваас салсан ч аавыг бодоод бас 3 хүүхдээ бодоод эргээд нийлсэн байх. Лав л өөрийгөө бодсон бол дахиж нийлэхгүй байсан. Аав бол ээж байгаагүй хугацаанд өвгөнтийн хөндий рүү явахад бэлэн болсон байсан даа. Ээж л дэргэдээ авч үглэж загнаж халамжилж байж аав минь одоо гайгүй явж байгаа. Гэхдээ одоо уудаг нь хэвээрээ, хэзээ ч болихгүй байх. Харин оронд байгаа бүх мөнгөөрөө уудаг байсан хүн ээжид цалингаа авчирч өгөөд архины 10, 20 цаас ээжээс авдаг болсон. Заримдаа ингэж амьдарч байгаа минь аавын арчаагүй байдлынх гэж бодохоор уур хүрч гомдож байгаа ч хоол хийгээд хувцасыг минь заримдаа угаасан байхыг харахаар өрөвдөх шиг. Гэр бүл зохионо гэдэг хайр сэтгэлээс гадна маш том үүрэг хариуцлага хэзээ ч гаргаж байгаагүй зориг тэвчээр, хүлцэнгүйг гэр бүлийнхээ төлөө гаргах хэрэгтэй болдог. Хэдийгээр аав минь архи ууж амьдралаа алдсан ч гэлээ хэзээ ч ээж болон бид гуравт гар хүрч, хатуу үг хэлж байгаагүй. Ээж л харин аавыг элдвээр загнаж харааж, бүр зоддог байсан. Аав минь чимээгүй л сонсоод л, зодуулаад л суудаг. Одоо салж байгаа хүмүүс ярихыг сонсохоор 2 талд надад ч тэгж хэцүү байсан гэсэн гомдлын үгс цуварна. Гэвч хэн хэн нь салахдаа яагаад салж байгаагаа юу нь болохгүй байгаагаа хүүхдүүддээ ойлгуулж хэлж байсан удаа бий болов уу. Тэд маань юугаа мэдхэв дээ л гэж хэлнэ. Гэвч хүүхдүүд харин ч сайн ойлгодог. Бүр заримдаа болохгүй байгаа зүйлийн гарах гарцыг хэлдэг. Америк, Европын кинонууд үзэж байхад аав ээж хоёр нь яагаад салах болж байгаагаа хүүхдүүддээ ярьж тайлбарладаг шүүдээ. Гэхдээ л амархан бууж өгөлгүй 2 талаасаа хичээж , уучилж, итгэж байж л бат бөх гэрлэлт бий болдог. Бүх зүйл нь дардан байгаа гэрлэлт бол гэрлэхээсээ өмнө бүх зүйлийг туулчихсан нэг нэгнээ мэдэрдэг болчихсон хүмүүс л гэрлээд гэрлэлт нь асуудалгүй дардан байгаа байх. Манай улсад салалтын тоо бол хүн амтайгаа харьцуулахад их өндөр гардаг. Яахав гадаад улс оронд салалт байдаг ч хүн амтайгаа харьцуулвал дундаж юмуу бага л тоо гарна. Цөөхөн хүн амтай хэрнээ гэрлэлт нь ч тогтвортой бус салалт нь их байгаад байвал яаж энэ улс орон хөгжих вэ дээ. Хувийн амьдралаа зохицуулж чаддаггүй хүмүүс яаж улс орондоо юм хийж бүтээх вэ дээ. Хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээж чаддаггүй хүмүүс бусдын өмнө яаж хариуцлага хүлээх вэ дээ. Тийм болохоор л гадаадынхан хувь хүний туршлага, чадвараас гадна гэр бүл нь тогтвортой сайхан уур амьсгалтай хүнийг өндөр албан тушаалд томилдог. Манайхан ч гэсэн ийм болох хэрэгтэй. Гэр бүлийн сэтгэлзүйн туслалцаа өгдөг байгууллага, төвүүдийн үйл ажиллагааг сайжруулж хүмүүс ч гэсэн хэдэн төгрөгөө харамлаад байлгүй асуудал үүсвэл өөрсдөө шийдэж чадахгүй бол мэргэжлийн газарт нь хандах хэрэгтэй гэж бодож байна.
Comments
Post a Comment