Тэмдэглэл-61
"Хүн бүрт хүлээс байдаг. Зарим нь хүлээсэндээ баригддаг бол зарим нь хүлээснээсээ мултардаг" гээд TIGER-н рекламны үг гоё шүү.
Би өөрийнхөө хүлээснээсээ мултарч чадахгүй худлаа тийчэгнэхээс хэтрэхгүй л байна. Мултарахыг хүсч байна. Гэвч саад болж байгаа зүйл нь миний тууштай биш, амархан шантарч бууж өгөх гээд байдаг зан.
Зарим чухал зүйл дээрээ өөрийгөө захирч удирдаж чадахгүй л байсаар...
Заримдаа "би" гэдэг зүйл энэ эмэгтэйн биед ороод амьдраад байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг. Энэ"би" жинхэнэ "би" биш ч юм шиг.
Хүний сэрэл мэдрэмжүүд үнэхээр олон янз байх юм.Ойлгомжгүй, бүрэн илэрхийлэх ч үг олдохгүй юм.Өөрийгөө барьж байгаа энэ хяналтаа хаяад бие болон оюун ухаанаа сул тавьчихвал "галзуу нэгэн" болох байх даа. Ухаан нь самуурсан солиотой галзуурсан гэгдээд байгаа хүмүүс зүгээр л өөрийн хяналтаа алдчихсан хүмүүс байх. Магадгүй өөрийгөө хянахаа болчихвол нэг төрлийн хэзээ ч мэдэрч чадахгүй тиймэрх чөлөөг мэдрэх байх даа.
Тархи гэгддэг энэ эрхтэнд олон нууц агуулагдаж байх юмдаа. Судлаад л байвч эцсийн дүгнэлтийг гаргаж чадахгүй л байсаар..
Энэ үед биш дээр үед амьдарч байсан бол сайхан ч юм шиг. Сонголт хийх олон зүйлгүй хүчээр ч гэх юмуу сонгохоос өөр сонголт байхгүй дээр үед амьдарч байсан бол хувь заяатайгаа эвлэрээд амар амьдрахгүй юу.Магадгүй тэгж амьдарсан л байх л даа. Одоо санахгүй байгаа болохоос биш.
Цаг хугацаа нээрээ л хурдан юм даа. Хурдан том болохыг хүсдэг байсан охиноос ийм том бүсгүй болчихсон байдаг. Нэг мэдэхэд хөгширчихсөн залуудаа юу ч юм бичээд л байдаг байж дээ гэж бодох байх даа.Тэгээд л нэг өдөр үхэх байх. Хамгийн амар үхэл бол миний бодлоор унтаж байхдаа үхэх байх. Ингэж л үхэхийг хүсч байна. Нэг л өдөр дэргэд минь байгаа хүмүүс байхгүй болно гэж бодохоор дотор нэг л сонин болчих юм. Тийм үе ирэхэд учиргүй их шанална эсвэл зүгээр л юу ч болоогүй юм шиг хүлээж авах байх.
Comments
Post a Comment