Тэмдэглэл-63
Надаас шалтгаалахгүй байгаа таагүй сөрөг нөхцөл байдалд эерэгээр хандаад муу талыг нь биш сайн талыг нь олж харахыг олон жил хичээж ирсний үр дүнд энэ бараг зуршил болж дээ. Мэдээж уур хүрмээр бухимдаар зүйлс өдөр тутам тохиолддог ч тэрэндээ автаж сэтгэл санаагаа удаан хугацаагаар үймрүүлдэггүй. Дүрсхийх уур бухимдал, гунигаа богинохон хугацаанд дарж суран нөхцөл байдлыг эерүүлж хардаг хэвшил тогтчихож. Сүүлийн үед гунигтай, зовлонтой, хагацсан гэх мэт сөрөг утга агуулгатай мэдээ мэдээлэл үзэх, ном шүлэг унших, дуу сонсох. бусдын яриаг сонсох хүсэлгүй болчихож. Иймэрхүү зүйл унших, сонсох үнэхээр дарамттай санагдаад хэцүү байдаг. Зүгээр л амжилттай яваа сайн сайхан зүйлийн талаарх мэдээлэлд илүү анхаарал хандуулж байна. Энэ нь урам зориг өгч илүү хичээе гэсэн найдвар төрүүлдэг.
Сүүлийн үед ээж минь нөхөртэй болж хүүхэд гарга гэж үглэх боллоо. Аргагүй байх л даа. Үеийнхэн нь альхэдийн эмээ өвөө болоод ач зээ нар нь эхнээсээ сургууль соёлд ороод том болцгоочихсон байхад 2 охин нь нөхөр хүүхэдгүй, ядаж лаг амжилттай мундаг яваа юм боловуу гэхээр тийм биш. Өөрөө л оюутан байхад хүнтэй суугаад үзээрэй дэмий шүү гээд л байсан. Ажилд ороход ойрын 2,3 жилдээ хүнтэй суухгүй шүү болоогүй байна гээд л байсан. Одоо болохоор загнаад байх юм хүнтэй суусангүй гээд..Тэгээд л хойшлуулсаар байтал нөхрөө болгочмоор байсан хүмүүс нь альхэдийн гэр бүл зохиогоод өөр хүн олдохгүй байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Анх хараад л шууд дурлаад дугаарыг нь авмаар тийм дур булаам бүсгүйчүүдийн тоонд орохоор хүн биш болохоор хэцүү юмаа. Эрчүүдэд өндөр шаардлага тавиад л түүндээ хүрэх хүнийг хүлээгээд байгаа юм бол байхгүй л дээ. Одоо миний бодож хүсч байгаа залуу бол ажилсаг хөдөлмөрч, сэтгэл гаргаж аливаа зүйлийг хийдэг, ойворгон, сагсуу биш бусадтай хүндэтгэлтэй харьцаж чаддаг,өөрийн бодол санаа хүсэл зоригоо бусдад ойлгуулж илэрхийлж чаддаг тийм л зан чанартай хүн. Тэрнээс биш боловсрол, царай зүс, нас хүйс, эд хөрөнгө, ар тал энэ тэрд бол урьдынх шигээ ач холбогдол өгөхөө больж. Би өрхийн тэргүүлэгч байхыг хүсдэг эр нөхөртөө бүгдийг даатгаад өөрөө ард нь байж амьдарна гэдэг миний хувьд бүтэшгүй хэрэг. Зүгээр л надад түшиг тулгуур, тус дэмжлэг болдог, урам зориг өгч хайрлаж халамжилаад явах тийм л хүн хэрэгтэй. Гэвч тийм залуустай би таарахгүй юм.
Хоёр удаа найзуудынхаа зуучилсан залуустай уулзлаа. Тэр хоёрын нэг нь 1985 оных нөгөө нь 1983 оных байсан. Даанч тэр хоёр хоёулаа маш ичимхий дуугүй бүрэг гэсэн тодорхойлолтдоо залуус. Эхний уулзалтан дээр би л бла бла гээд л ярьж өгнө. 2дох дээр нь ч дуугүй байсаар л.. 3 дах дээр нь би залхсан юм даа. Ямар хүн болохоо надад хэлэхгүй бол би ямар далдыг хардаг хүн биш мэдэхгүй шүүдээ. Болоод байгаа юмуу болохгүй байгаа юмуу яамаар байгаагаа хэлж өгөхгүй дүлэгнэсэн ийм байдалтай байвал яаж эмэгтэй хүнийг өөртөө татах вэ дээ. Эмэгтэй хүнийг өөртөө татахын тулд элдэв янзын бэлэг сэлт өгөхөөс гадна өөрийгөө ямар хүн бэ гэдгээ харуулах хэрэгтэй шүүдээ. Магадгүй 30 гарсан мөртөө гоонь эр яваагын шалтгаан нь энэ байсан байх л даа. Урьд нь гэсэн ийм байдлаас нь болоод бүсгүйчүүд орхидог байсан байх. Өөрийнхөө энэ сул талыг засч чадахгүй 30 гас гарна гэдэг чинь өөртөө яаж хандаж байгаа нь тодорхой. Үнэндээ зарим бүсгүйчүүд засаад өөрчлөж болно гэж үзэх л байх. Гэхдээ миний хувьд өөрчлөх гэж хичээл зүтгэл гаргах утгагүй санагдсан. Найзууд сайн залуус ш дээ гээд л магтаад байна. Тэр сайн гэдэг тодорхойлолт нь зүгээр л бусдад гай болдоггүй мөрөөрөө амьдраад байдаг хүнийг хэлээд байгаа юм шиг. Өөрийн хүсч байгаа зүйлийнхээ төлөө тэмцээд өөрийгөө өөрчлөөд айдсаа даваад тэмүүлж амьдардаг тийм л эр хүнийг хүсч байна.
Comments
Post a Comment