Тэмдэглэл-46
Болзоонд яваагүй уджээ. Хэн нэгэнд хайрлагдахгүй байгаагаа мэдэх шиг муухай мэдрэмж хаана ч байхгүй юм байна. Хэн нэгний чухал хүн нь байж, инээмсэглэх шалтгаан нь болох юмсан. Өдөржин боддог, харахыг яардаг хүн нь байхсан. Гарыг минь атгаж, инээх царайг минь хараад л бүх хэцүү зүйлээ мартаж, даван туулах хүчийг авдаг, үргэлж сэтгэлд нь №1 хүн нь байх юмсан. Магадгүй урьд нь тийм үе байсан л байх. Гэхдээ тэр үед яагаад ч юм харилцаа минь улам гүнзгийрэхэд айж зугатдаг байжээ. Эрчүүдээс сонсож байсан хамгийн их үг бол " ойлгомжгүй" гэдэг үг. Угаасаа ойлгогдохоор хүн бол биш л дээ. Энэ зан маань эрчүүдийг татаж бас түлхэнэ. Харин одоо бол илүү ойлгомжтой нэгэн болж өөрчлөгдөж. Киноны гол дүрийн романтик залуу бодит амьдрал дээр ховор шүүдээ. Харцаар минь уншаад л юу хүсээд байгааг минь хэлэхгүйгээр мэдэж чадах тийм мэдрэмжтэй залуус цөөхөн. Тэр цөөхөн залуусын талтай нь маш азтай бүсгүйчүүд сууна, тал нь ижил хүйстэн байна. Тэгэхээр кинонд итгэлгүй тийм залуутай учирна гэж найдалгүй бодит байдалтай нүүр тулсан нь дээр.
Эмэгтэйчүүдийг бага ойлгож, их хайрла
Эрэгтэйчүүдийг их ойлгож, бага хайрла
Энэ үгэнд их дуртай. Бас үнэн үг. Магадгүй эрчүүд эмэгтэй сайн найздаа дурладагын шалтгаан нь энэ байх. Өөрийг нь сайн ойлгож дэмждэг болохоор нэгмэдэхэд дурлачихсан байна. Гэвч эмэгтэй найз нь эргүүлээд хайрлах нь байж болох ч ховор л байх. Найзлаад удаж буй эрэгтэй найзууд надад бий. Бүгд л надад сэтгэлээ илчилж байсан. Гэвч би тэднийг зөвхөн найзын нүдээр л харж байсан болохоор хэнийх нь ч сэтгэлийг хүлээж аваагүй. Хүлээж авсан бол харилцаа минь нээх удахгүй дуусч найз ч байж чадахааргүй үлдэх байсан болохоор. Магадгүй хоёр биендээ татагдсан ч сэтгэлээ илэрхийлж чадахгүй найз гэсэн үгээр бамбай хийж нэг нэгнээ сайн мэддэг болсон хойноо зүрх сэтгэлээ илчилж хосууд болсон явдал их байдаг болохоор "эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд байна гэдэг худлаа" гэсэн үг гарсан байх л даа. Найзууд байж байгаад хос болсон хүмүүсийн харилцаа илүү удаан тогтвортой байдаг нь нэг нэгнийхээ талаар илүү мэддэг, нэг нэгнээ ойлгодог, дутагдалтай талуудыг нь хүлээн зөвшөөрчихсөн байдаг болохоор харилцаа нь илүү амар байдагт л байх. Заримдаа найзуудыгаа сайн нөхөр, аав болсоныг харахаар би биш өөр хүмүүс зүрх сэтгэлд нь чухал байр суурь эзэлдэг болсонд гомдмоор санагдах юм даа. Гэвч одоо яалтай ч билээ. Хэн нэгний зүрх сэтгэлд хамгийн чухал хүн нь байх тэр үе ирэх байх. Харин хэзээ гэдгийг нь мэдэхгүй хүлээнэ гэдэг л хэцүү юм.
Comments
Post a Comment