2015 оны наадам
Энэ жилийн наадам миний хувьд их хүнд боллоо. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэдэг шиг би гэдэг хүн бусдыг дуурайж хуушуур хийж зардаг хүн болсон хиншүү үнэрттэл шатлаа. Банкны лизингийн мөнгөө өсгөчих санаатай байсан чинь юун өсгөх дээрээс нь нэмээд өрөнд орчлоо. Тэр хуушуур хийнэ гэдэг чинь тийм ч амар юм биш байна. Гэхдээ одоо яая гэхэв сайхан туршлага байлаа. Анхны бизнес минь шаталтаар эхэллээ. Цаашдаа аливаа зүйл хийхдээ ихээхэн бодож, судалж,төлөвлөхгүй бол хүний амаар хийнэ гэж бүтэхгүй юм байна. Сэтгэл санаагаа тайвшруулах зорилгоор 2 өдөр гэрийнхэнтэйгээ сайхан аяллаа. Хустайн Нуруу орж тахь харъя гэж бодсон ч харж чадсангүй. Цаашаа Элсэн тасархай, Эрдэнэзуу орлоо. Тэр хавиар хүний хол бага, гадаадын жуулчид ч гэсэн бага байна лээ. Бодвол бүгд л Хөвсгөл явсан бололтой. Зам дагаж хөгжил гэдэг юутай үнэн үг вэ. Эрдэнэзуу орох замаа янзлахгүй бол ч хэцүүхэн замтай байна лээ. Монгол маань ямар сайхан өргөн уудам, хичнээн сайхан байгальтай юм бэ гэдгийг хотоос гараад л мэдрэх юм. Бас нэг зүйл нь Монголчууд маань яагаад ийм заваан юм бэ. Тэр сайхан хөдөө тал нутгийн үзэсгэлэнг баллаж байгаа зүйл бол хог байлаа. Хэрэглэсэн зүйлсийнхээ хогийг торонд хийгээд машиныхаа багаажид хийгээд явчихаар юу нь болохгүй байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Үүрээд л яваагүйгээс хойш аваад явах нь яагаад болдоггүй юм бол. Зам дагуу маш их хог. Нэг л тийм сэтгэл байхгүй дээрээс нь залхуу. Тэгсэн мөртлөө тэр хог хаясан хүмүүс өөрсдийгөө эх оронч энэ тэрээр дуудаад л явж байгаа биз. Аялал жуучлалынхаа салбарыг бусад улс орон шиг дорвитойхон хөгжүүлж болдоггүй л юм байхдаа. Өөрийнхөө шаталтаас илүү хөдөө хээр хаягдсан хогонд санаа зовсоор л ирлээдээ. За тэр Тэрэлж бол бас хогон далай. Сайхан газруудыг нээрээ муухай болгож байгаа юм шүү. Хотод бол яахавдээ. Тэгээд хогондоо баригдаад амьдраад л байна биз. Хөдөө нутаг л хэцүү байна. Орон нутаг нь ч арга хэмжээ авахгүй юм, авъя гэсэн ч төсөв мөнгө нь байдаггүй юм байгааз. Энэ жил наадам нь ч нээх гоё болсонгүй. Цаг агаар нь ч таатай байсангүй. Ирэх жил энэ жилийн шархаа нөхсөн сайхан наадам байгаасай.
Comments
Post a Comment