Тэмдэглэл-51

Би бараг гэгээрсэн хүн болж байх шиг байна даа. Ямар ч хар цагаан хор шар, атаархал, шунал, хүсэл алга. Шунаад атаархаад хор шараа хөдөлгөөд өгье гэсэн ч юунд шунаж атаархахаа мэдэхгүй юм. Уурлаж бухимдахаа бараг больж байна. Бухимдлаа гэхэд дээд тал нь 2 минутаас хэтрэхгүй байна. Тэгээд л тайвширчихна. Уураа хэн нэгэн, ямар нэгэн эд зүйлд гаргахаа больчихож. Хэн нэгэнд өширхөж үзэн ядахгүй байна. Ерөөсөө хүмүүсийг аягүй ойлгодог болчихож. Хэнийг ч муулахгүй, шүүмжлэхгүй. Хүмүүсийн миний тухай сайн муу яриаг ч үл тооно. Хэнээс юу ч гуйхгүй. Гуйлаа гэхэд нөгөө хүн туслахгүй бол гомдох сэтгэл төрөхгүй байна. Зүгээр л бүх зүйлийг байгаагаар нь хүлээн аваад өөртөө тааруулж өөрчлөх гэлгүй өөрөө зохицдог болждээ. Итгэдэг хүндээ л итгээд итгэл төрөхгүй байгаа хүндээ итгэхгүй. Муу явж зовоосой гэж хүсэх хүн нэг ч алга. Бүгдээрээ л сайн сайхан байгаасаа гэж бодож байна. Хэн нэгнийг ялах хүсэл өөрөөсөө доор байлгах сэтгэл ч алга. Одоо өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ олоод, санхүүгийн хэрэгцээгээ хангадаг болчихвол за бараг л гэгээрсэн хүн боллоо. Ямар ч стресс алга. Иог, бясалгалаар хичээллээд байх шаардлага ч алга. Магадгүй сүүлийн нэг жил хагас ажлын шаардлагаар ганцаараа өрөөндөө сууж хүмүүстэй харьцах минь эрс багассан, бас хайр сэтгэлийн асуудал байхгүй болохоор өөрөө өөртэйгээ ярьсаар байгаад ийм болсон байх. Хүмүүстэй бага харьцах тусам сэтгэлийн амар амгаланг ихээр мэдэрдэг байх нь. Тийм болоод л лам хуврагууд бөглүү уул агуйд очиж хэдэн жилээр бясалгал хийдэг байх. Бас ямар хайр сэтгэлийн асуудал байхгүй хэн нэгнийг өөртөө татах гэж хичээхгүй, бэлгийн хүсэл тачааллаас хол байх нь нөлөөлдөг юм байна. Буддын шашинд лам хувраг хүмүүсийг эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байхыг хориглодог нь номын ёсонд улам гүн нэвтрэхэд саад болдогтой холбоотой байх л даа. За тэгээд цагаан хоолтон болоод, согтууруулах ундаа хэрэглэхээ больчихвол ар нуруунд минь томоос том хоёр цагаан далавч ургах байх даа. Даанч дурлал, дарс, мах гуравгүйгээр амьдраад ч яах билээ. Тэгж амьдарвал дэндүү гунигтай шүүдээ. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157