Тэмдэглэл-30

Анх 20 насандаа тэмдэглэл хөтөлж эхлээд 8 жил болжээ. Яагаад тэмдэглэл хөтлөх болсон шалтгаанаа мэдэхгүй байгаа ч одоо толгойд орсон бүгдийг л бичдэг болсон байна. Бичихгүйгээр байж чадахаа байж. Дэвтэр дээрээ ямар нэгэн юм бичиж байж л санаа амардаг болж. Бичихгүй удвал нэг юм дутагдаад ч байгаа юм шиг. Амьдралдаа гаргасан миний хамгийн зөв шийдвэр бол тэмдэглэл хөтлөх байсан юм. Заримдаа хүмүүс хүний урам хугармаар үг хэлэх юмаа. Сайхан үг хэлж чадахгүй юм бол дуугүй өнгөрч байх хэрэгтэй шүүдээ. Миний сонсч байсан хамгийн урамгүй үг бол ээжээсээ "амьдралд ямар ч хэрэггүй юм хийж байх юм" гэсэн энэ үг. Энэ үгийг сонсоод бичих ямар ч хүсэлгүй болж, нээрээ л хэрэггүй ч юм шиг санагдаж, дэвтрүүдээ шатаамаар санагдаж байсан ч хүний үгээр үг хийж өөрийгөө зовоох хэрэггүйг ойлгосон юм. Бичих дуртай минь амьдралд минь хэрэггүй нэмэр болохгүй ч надад тайвшрал өгдөг. Энэ стресстэй нийгэмд би бичихгүйгээр яаж тайвшрах билээ. Бичихээ больчихвол галзуурах байх.
Би гэр бүл зохиохоос айдаг. Ээж шигээ ээж болчих юм шиг санагддаг. Үр хүүхдүүдээ ойлгохгүй, тэднийгээ дэмждэггүй. Зүгээр л өөрийнх нь юу хэлсэнийг нь хийж байх ёстой гэж боддог. Бүх зүйлийг өөрийнхөө сэтгэлд нийцтэй байлгах гэж зүтгэх. Аавыгаа ч заримдаа өрөвдөх юм. Бас хааяа уур хүрэх юм. Магадгүй ээж минь хайр халамж мэдрэхгүйгээс болж ийм хэцүү араншинтай болсон ч юм бил үү.
Хайр дурлалыг хүсэх хэрнээ, дотороо түүнээсээ айна. Аав, ээж хоёрын хамтын амьдрал намайг эр хүнд тэгтлээ бүрэн дүүрэн итгэж чаддаггүй занд сургажээ. Өөрөөсөө өөр хүнд 100% хэзээ ч итгэж найдаж байгаагүй. Тэгэх юм бол эцэст нь өөрөө зовно, бас тэр хүндээ урам хугарна, гомдоно гэдгийг мэдсэн. Өөрийгөө энэ зовлонгоос салгах арга бол хамгийн дотны хүндээ 100% итгэж найдахгүй байх.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157