Тэмдэглэл-35

Хүмүүсийн харилцааны нэг чухал зүйл бол нэг нэгнээ чин сэтгэлээсээ сонсож сурах явдал юм. Сонсож сурна гэдэг бол бас их чухал чадвар шүү. Зүгээр л сонсох биш, ярианд нь үнэнхүү анхаарал хандуулж ойлгож сонсож байгаа гэдгээ мэдрүүлэх нь чухал. Би ихэвчлэн сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг л дээ. Ер нь нэг их ярих дургүй. Бусдыг яриаг л сонсох дуртай. Яахав санаа бодлыг минь асуувал өөрийн бодлоо хэлэхээс биш нээх тэгж лаг яриад байдаг хүн биш л дээ. Хүмүүсийн хэлдгээр бол дуугүй хүн. Гэхдээ ямар ч хүн намайг дуугүй хүн гэж дүгнэдэггүй. Харин ч илэн далангүй, их яриасаг, нийтэч хүн гэсэн дүгнэлттэй хоцордог. Миний хийсэн юм гэвэл нөгөө хүнээ зүгээр л чин сэтгэлээсээ сонсож, ойлгож, анхаарал л тавьсан. Хүмүүс өөрийнхөө тухай бусдад ярих дуртай байдаг. Тийм үүднээс ч Фэйсбүүк бий болсон гэдэг. Би ийм хүн, би ингэсэн, би тэгсэн, би үүний талаар ийм бодолтой байна гээд л.. Харин тэр бүрийг чин сэтгэлээсээ сонсдог хүн нь ховор юмшиг. Яахав сонсож байгаа мэт дүр гаднаа үзүүлэвч дотроо шал өөр юм бодож байх нь бий. Зөвхөн ярилцаж буй хүндээ анхаарал тавин бусад зүйлийг үл ойшоон байх нь цаад хүндээ өөрийгөө чухал нэгэн гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Ийм сэтгэгдэлтэй хоцорсон хүн нөгөө хүнээ бусдад их магтаж ярьдаг тухай номон дээр бичсэн байдаг.Үүнтэй бол санал нэгтэй байдаг. Сайн сонсогч байх их олон давуу талтай. Үнэндээ сурагч, оюутан байхдаа би сурлагадаа бол тийм сайн нэгэн байгаагүй л дээ. Гэхдээ миний дүнгүүд сайн суралцдаг лаг хүүхдүүдтэй бараг л адилхан гардаг байсан. Би ердөө ширээний хамгийн урд сууж багшийн ярьж буй зүйлд хамаг анхаарлаа хандуулж ойлгох гэж их хичээдэг л байсан. Шалгалт авахаар их муу дүнтэй байдаг хэрнээ улирал, семестрийн дүнгүүд маань сайн гарчихдаг байсан юм. Бусад хүүхдүүд намайг урд суугаад л хичээлээ анхааралтай сонсдог болохоор сайн сурагч гэж боддог байсан юм шиг байна лээ. Багш нар болохоор яагаад ч юм миний дүнг өргөөд өргөөд гаргачихдаг байсан. Хайр дурлал,  ажил хэрэг гээд бүх асуудал дээр л чухал. Бүх ярианы төгсгөлд тухайн сонссон зүйлүүдээсээ хэрэгтэйг гол зүйлүүдийг нь санаад бусдыг нь мартах хэрэгтэй. Уран цэцэн, ухаалаг ярихыг бол хэн ч ярина. Харин бусдыг сонсоно гэдэг л хэцүү. Бусдыг сонсоод өөрийнхөө бодлоо цөөн үгэнд товч тодорхой хэлдэг бол бусадтай харилцах харилцаан дээр нээх төвөг учраад байдаггүй л гэж боддог. Сайн сонсож сурсан хүн ямар ч хүнийг яриасаг болгодог. Дуугүй бүрэг хүнтэй уулзлаа гэхэд хэдэн асуултын дараа нөгөө хүн нь маш яриа нэгэн болж хувирдаг. Сайн сонсогч байна гэдэг чамаас нээх их юм шаардахгүй хэрнээ бусдад чиний тухай эерэг бодол төрүүлдэг чадвар билээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157