Тэмдэглэл-55

"Би хувьдаа хэн хэгнээр хайрлуулахгүй байгаагаас илүүтэйгээр хэн нэгнийг хайрлахгүй байхаас л айна.
Үнэндээ хүн өөрийнхөө зүрх сэтгэлээс ундарж байгаа сэтгэлээс л аз жаргалыг авдаг болохоос бусдаас ундрах сэтгэлээс яг тэр хүний гаргаж байгаа шиг зүйлийг олж авах нь ховор л болов уу
Жишээ нь: хэн нэгэн чамд дурлахад хэрвээ чи л дурлаагүй бол түүний хайрыг хог руу ч шидэж чаддаг. Гэтэл чи өөрөө тэр хүнд дурлавал тэр хүн чамайг үл тоомсорлосон ч дурласан сэтгэлдээ чи аз жаргалаар бялхаж байдаг."-Дуучин Нара

Дуучин Нарагийн FB-дээр байсан энэ үг их гоё шүү. Хүнд хайрлагдахыг хүсэхээс илүү хүнийг хайрлахыг хүсдэг. Хамт байж чадахгүй ч хамгийн сайн сайхныг түүндээ хүснэ. Тэр хүний төлөө одоо ч би юугаа ч өгсөн чадна. Их цаг хугацаа өнгөрсөн ч  тэрнийг гэсэн сэтгэл хэвээрээ л байна. Би тэр хүний төлөө далайг гаталсан ч тэр хүн миний төлөө шалбаагийг гатлахгүй ч хамаагүй би далайг гатлах л болно. Тийм хүн хүн болгоны амьдралд байсан л байх. Урьд нь энэ мэдрэмжээ ойлгохыг хүсдэг ч чаддаггүй байсан. Одоо л ойлгож байна. Ер нь юм бүхнийг ухаарч ойлгох өөрийн өөрийн цаг хугацаа байдаг юм шигээ. Энэ цаг нь болоогүй бол хичнээн ч оролдсон ч ойлгохгүй. Түүнийг өөрийн болгохыг хүсч байсан ч хэзээ ч найз эмэгтэйгээс нь салгах оролдлого хийж байсангүй. Муудалцаад над дээр ирэх болгонд нь найз охиныг нь муулаад, тохирохгүй энэ тэр сал сал гэдэг байсан бол магадгүй түүний орон зайг би эзлэх байсан байх. Гэвч тэр үед яагаад ч юм бэ дандаа эвлэрүүлэх зүйл хийнэ. Найз бүсгүйтэйгээ явж байхыг нь харах надад ямар ч дарамттай хэцүү байгаагүй, харин ч хамтдаа инээж байхыг нь харах сайхан санагддаг байсан. Өөрийн болгомоор байгаа хэрнээ бусдаас түүнийгээ харамлахгүй байгаа сэтгэлээ ойлгодоггүй байж. Магадгүй найзын сэтгэл юм болов уу гэж бодохоор арай л өөр. Гэхдээ одоо бодоход тэр хүн намайг хайрлаж чадахгүйг би мэддэг байж. Өөрийнхөө түүнийг хайрласан сэтгэлд ч харамсдаггүй, зүгээр л хамт өнгөрөөсөн мөч бүрээ бодоход л хангалттай сайхан байсан юм байна. Түүнээс илүүг хүсвэл  жаргал минь зовлон болох байсан байх. Тийм болохоор тухайн үедээ өөрийнхөө сонголтондоо их гайхдаг байсан ч одоо л ойлгож байна. Зүгээр л түүнийгээ жаргалтай байх сонголтыг нь би зөвшөөрсөн юм байна. Надтай хамт байвал тэр минь жаргалтай байж чадахгүй ч байсан юм бил үү.
"Хайртай хүнийхээ боол байснаас
Хайргүй хүнийхээ хатан нь байсан нь дээр" гэсэн үг байдагдаа. Энэ үгийг эмэгтэйчүүдээс асуувал ихэвчлэн хатан байхыг сонгодог. Харин миний хувьд боол байсан нь дээр. Хайргүй хүн минь хажууд минь байна гэдэг энэ бол үнэхээр дарамттай сэтгэл. Үргэлж тэр хүний өмнө хайрлаж чадахгүй байгаадаа гэмшиж жаргалтай байж чадахгүй ш дээ. Хайрлах гэж өөрийгөө хүчлэх чинь хэцүү шүүдээ.
"Сэтгэлтэй хүн чинь дэргэд чинь байхгүй бол хэцүү
Гэхдээ сэтгэлд байхгүй хүн чинь дэргэд чинь байвал бүр хэцүү" гэсэн үг байдаг даа. Айн Рэнд-ийн "Худалдаж авсан нөхөр"-ийг анх уншаад мэлмэртэл уйлж билээ. Би ч гэсэн тэр эхнэр шиг шийдвэрийг гаргах л байсан. Гэхдээ нэг юм нь л өөр. Арай ч үхлийг сонгохгүй байх байсан. Магадгүй дахиад хэнийг ч нөхөр шигээ хайрлаж чадахгүй ч хорвоо дэлхий уужим, амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ.
Хайрлагдахаас илүү хайрлаж эргүүлээд хариу нэхэхгүй байх чинь л сайхан зүйл шүү дээ. Гэв ч бид хайрласныхаа хариуд эргүүлж хайрлахыг нөгөө хүнээсээ хүсч шаарддаг нь зовлон юм даа. Сайн дураараа өөрийн хүслээр хайрлачихаад намайг хайрлахгүй байна гэж гомдоллох чинь зүгээр л шунал юм даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157