Тэмдэглэл-133

Өчигдөр харсан солонго маань энэ жил харсан эхний солонго байлаа. Одоо ч дахиж харж чадахгүй байхдаа дараа зун хүртэл. Яагаад ч юм бэ тэр солонгыг харсан чинь надад азтай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан юм. Тэгтэл тэр нь өнөөдөр боллоо. Гэхдээ би яг азтай явдал уу, харамсмаар зүйл үү гэдгийг хэлж мэдэхгүй л байна. Өглөө ажлын шугамаар их хэмжээний рубль авахаар найман шарга орсон юм. Уул нь яг мөнгөө тааруулаад гарсан юм. Тэгээд нэг ченж залуугаас гайгүй ханшаар авахаар болоод төлбөрөө төлсөн чинь надад 500,000 төгрөг илүү гарчлаа. Тухайн үедээ тэр ченж залуу ч би өөрөө ч анзаарсангүй. Замдаа унаанд явж байгаад гэнэт юун их мөнгө надад илүү үлддэг билээ гээд их гайхлаа. Эхэндээ их айлаа. Илүү мөнгө авч гараад хүнд илүү өгөөд өрөнд орж байгаа юм биш байгаа гэж санаа зовоод ажил руугаа буцаж шалгалаа. Олон дахин шалгасан боловч яалтачгүй би тэр хүнд дутуу мөнгө өгчихөж. Ингээд нэг цаг хэртэй шаналлаа. Буцааж өгөх үү, яах уу гээд л. Мөнгө төгрөгний үнэхээр хэрэгтэй байгаа энэ үед гэнэт өөрөө хүрээд ирсэн мөнгийг аз гэж бодоод өөртөө үлдээчих үү дараа нь нөгөө хүн маань мэдсэн ч гэлээ учраа хэлээд увуулж цувуулж өгөөд дуусгачихна биз гэж бодлоо. Өгөхгүй байх өч төчнөөн зүйл бодсон ч цаанаасаа л чи наадахаа өгөө хүний мөнгө ш дээ. Хэрвээ чи мөнгөө алдсан бол яах байсан юм гэж бодоод бас шудрага, зарчимч зан минь дотроос хатгаад болохгүй болохоор нь аваачиж өглөө. Их гайхсан байдалтай баярлалаа гээд аваад үлдсэн. Өөрөө ч мэдээгүй байсан бололтой. Харин таксины мөнгө гээд 20,000 төгрөг би өөртөө авч үлдээд 480,000 төгрөгийг нь буцаагаад өгчихлөө. Өгсөн хойноо тэр мөнгө надад байсан бол ингэх байсан юм, тэгэх байсан юм гээд өчнөөн зүйл бодлоо. Гэнэт  ирсэн азыг өөрөө явуулж байдаг тэнэг толгой юм даа гээд өөртөө дургүй хүрлээ. Тэгээд өөрийгөө тайвшруулахын тулд 20,000мянгаас илүү гарсан 10,000 төгрөгөөр нь бялуу авч идлээ. 500,000 гэдэг чинь бага мөнгө биш шүү дээ. Ямар 50,000 төгрөг биш. 50,000 байсан бол би тоохгүй ч өөртөө авчихна л даа. Энэ тухай би хүмүүст хэлсэнгүй. Янзын янзын юм яриад төвөг болох байх гээд чимээгүй өнгөрөөлөө. Уул нь дүүгийнхээ сургалтын төлбөрийн талыг нь хийсэн бол, банкны лизингээ төлсөн бол, ээжийгээ бие нь өвдөж байхад хэд хоног амраагаад сувилалд явуулсан бол гээд чухал зүйлсэд хэрэглэх байсан боловч атгаад алдлаа даа. Энэ мөнгө байхгүй байлаа гээд тэр хүн чамаас илүү зовохгүй болохоор чи хэрэглэ гэж бурхан тэнгэр надад өгч байна гэж бодоод өөрийгөө зөвтгөсөн боловч өөрийгөө хуурч чадсангүй.
 Энэ тохиолдол бол 2 дох удаагийнх юм байна. 4 жилийн өмнө би бас банкин дээр гүйлгээ хйисэн чинь 600,000 төгрөг илүү гарчихдаг юм. Гэхдээ банкны баримт байсан болохоор яалтачгүй нэмж хасаад үзсэн илүү байхаар нь удаа ч үгүй буцаагаад хоёулаа буруу бодсон байна гээд л аваачиж өгсөн юм. Тэр теллер бас баярлаад л байсан.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157