Тэмдэглэл-77
Хүүхэд насны сайхан гэгээлэг гоё дурсамж гэвэл 5, 6-тай байсан үе минь л юм шиг байна. Би чинь бас хөөрхөн наймааны одтой хүн шүү. Ер нь бол аавынхаа гадна дүр төрх, ааш зангийн нь илүү дуурайсан. Ямартаа л аав ээж хоёрыг салж байхад би аавтайгаа үлдэнэ гэж хэлээд ээждээ их загнуулж билээ. Манай аав уул нь наймаа хийхдээ мундаг байлаа. Намайг 5, 6-тай байхад 90-иэд оны ганзагын наймаачидын нэг байсан юм. Тухайн үедээ л бусад хүүхдүүдийн тоглодоггүй тоглоомоор тоглож, төрөл бүрийн гоё чихэр шоколад иддэг, гоё хувцаснууд өмсдөг охин байлаа. Манай ээж чин тэр хавийнхаа хамгийн ганган хүүхнүүдийн нэг байгаад л манай гэрээс аав ээжийн найз нөхөд ах дүү гэсэн хүмүүс салдаггүй байсан юмдаг. Гэвч архинд аав минь орж бүх мөнгөөрөө уугаад 10 хэдэн хоногоор алга болчихдог болсон юм. Сүүлдээ манайх гэдэг айл юу юучгүй хоцорсон юмдаа. Нөгөө саймшраад байсан найз нөхөд ах дүү бүгд л алга болцгоосон. Орох орон ч байхгүй айл айлын хаяа дэрлэж явсан цаг үе минь эхэлсэн юмдаа. Багаасаа л жижиг жижиг хөөрхөн наймаа хийгээд өөрийн дэвтэр үзэг чихэрний мөнгөө олчихдог байсан юм. Хүүхдийн зусланд нэг ч удаа амарч үзээгүй ч хичээлийн эхний өдөр ийш тийшээ явсан гэж ярих найзуудаа харахаар атаархаж байсан ч гутардаггүй байж дээ. Гэтэл миний тэр цоглог цовоо занг манай гэрийн ядуу тарчиг амьдрал биш аав ээжийн хэрүүл, ээжийн уураа гаргаж тайвшрах нэг хэрэгсэл болж хувирсан минь эвдсэн юм. Аавд уурласан уураараа хийсэн бүхэнг минь гоочилж загнаж зандардаг байж билээ. Гэвч ном болон бага дүү хоёр минь л намайг аз жаргалтай болгодог байсан. Жижигхэн улаан дүүгээ анх хараад дүүгийхээ мундаг эгч нь болох юмсан гэж бодсон. Гэхдээ одоо хүртэл хараахан л мундаг эгч байж чадахгүй юм. Уншсан уран зөгнөлт зохиолууд, дүүгийн минь эгдүүтэй үйлдлүүд л миний хувьд хүүхэд насны минь гоё дурсамж болон үлдэж. Хүүхдэд юу чухал вэ гэдгийг бид мэдэх хэрнээ аав ээж болохоороо л хайраас илүү маргааш идэх хоолыг нь чухалчилаад байх юм. Маргааш идэх хоолноос нь болж аав ээжүүд нь муудалцана. Тэрийг нь харж байгаа хүүхдийнхээ хамаг сайхан зүйлсийг үгүй хийнэ. Үнэндээ биднийг ядуу амьдруулсан ааваасаа илүү аавд уурласан уураа хүүхдүүдэдээ гаргадаг ээждээ би их гомддог байлаа. Амьдралд эр нөхрийн үүрэг чухал ч гэлээ ээж хүний үүрэг тэрнээс илүү чухал байдаг юм. Миний багаасаа сонссон "арчаагүй", "юу ч хийж чадахгүй" гэсэн үгс бүр далд ухамсарт минь нэвт шингээд би нээрээ л тийм хүн юм байна гэж боддог болсон. Одоо хүртэл далд ухамсарт минь бүр суучихсан тэр үгсийг арилгах гэж хичээж л байна. Заримдаа дүү минь төрөөгүй байсан бол би бас ном унших дургүй байсан бол өдийд ямар байх байсан бол гэж боддог юм.
Comments
Post a Comment