Тэмдэглэл-74

12-р сарыг дуустал сайхан завтай байх нь ээ. Энэ хугацаандаа юу хийх үү. За ямар ч л байсан үзнэ гээд бодчихсон байсан хэдэн кинонуудаа үзнэ. Нэг уншаад сайн ойлгоогүй байгаа нэг номоо дахиж уншина. Англи хэл, солонгос хэлээ эргүүлж нэг харна. 2016 онд биелүүлэх  төлөвлөгөө гаргана. Энэ удаа сайн бодож байгаад өөрийнхөө нөөц боломжинд тулгуурлаж байгаад сансрын биш илүү бодит байдалд нийцсэн зорилгууд бичнээ.
Гоолингоо.mn гээд эмэгтэйчүүдэд зориулсан сайтыг унших их дуртай. Дургүй эмэгтэй хүн ч гэж байхгүй байх. Анх "хөөрхөн" гээд блог байхаас нь л уншдаг байсан. Өдөр бүр орж үздэг хэдэн сайтын минь нэг. Дандаа гоё гоё урам ухаарал өгсөн нийтлэл бичдэг шүү. Олон сайхан нийтлэл дундаас нь 2 нийтлэл л бүр мартагдахгүй санагдсаар байдаг. "Урьдчилж бэлд" гэсэн нийтлэл нь их сайхан. Ер нь ажил дээр бол урьдчилж бэлдэх зарчмыг сайн хэрэгжүүлдэг шүү. За аягүй бол энэ хэрэг болно гэж бодоод л тэр тухай судлаад эсвэл тооцоод бэлдээд тавьчихсан байхад дараа заавал хэрэг болдог. Гэнэт гарч ирсэн асуудал ажилтнуудыг их сандаргадаг шүүдээ. Тэгэхэд нь хэн нэгэн нь май гээд л бэлэн шийдэл ч юмуу материал гаргаад ирэхэд хичнээн таатай санагддаг билээ. Тэгээд л хэрэг болох байх гэсэн бүх юмаа урьдчилаад бэлдчихдэг болохоор дарга нараасаа сайн ажилтан гэсэн үнэлгээ авдаг байх. Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг чинь их үнэн үг шүү. Жоохон хэцүү нөхцөл байдалд байхад нь бага юмаар л туслахад цаад хүн нь хичнээн баярладаг билээ. Бараг тэр тусыг бол мартахгүй шүү дээ. Урьдчилж бэлд гэсэн энэ зарчмыг сар хагасын өмнө хувийн амьдралдаа ашигласан юм. Найзууд минь намайг хүнтэй суулгахын хүслэн болсон хүмүүс. Дам дамаараа ганц бие сайн гэсэн залуусыг судлаж надтай уулзуулана. Гэнэт л өнөө орой хүнтэй уулзана шүү ярьчихсан байгаа гээд л ярьдаг хүмүүс болохоор гэнэтийн болзоонд явах бэлтгэлтэйгээр сольж өмсөх аятайхан хувцас, будаг шунхаа ажил дээр авчираад тавьчихсан. Тусдаа нэг карт аваад бага багаар мөнгө хийж байгаа. Ямар ч хүнтэй уулзах юм билээ төлбөр тооцоо хийх шаардлага гарвал гэж бодоод л. Болзоонд явж байгаа боловч төгсгөл нь л бодож байсан хамаг сайхан юмыг баллачихаад байх юм. Ерөөсөө л шууд л шөнийг өнгөрүүлэх хүсэлтэй хүмүүс. Нэг нэгэндээ таалагдаж байна одоо нөгөө зүйлээрээ таалагдвал бараг л суухад бэлэн гэсэн утгатай юм ярьсан хүмүүс. Нэг нэгнийхээ цагыг хий дэмий үрэлгүй эртхэн нэг нэгэнтэйгээ тохирохоо мэдчих хүсэлтэй залуус. Эрчүүд ийм болсоныг мэдэж байгаа бас тэднийг ойлгож байгаа ч надтай ингэж харьцахыг нь тэвчиж чадахгүй юм. Заримдаа нөгөө сарнайн цэцэрлэгийн тухай үлгэр санаанд ороод тэр хүүхэн шиг явж явж байснаа нэг өвгөнтэй суучихвий гэж бодох юм. Зүгээр л уулзахдаа анхнаасаа хоёр биенийхээ сэтгэлээр шатар тоглолгүй өөрийнсдийнхөөрөө байя гэсэн маань ийм байдалд хүргээд байгаан юм болов уу. Гоолингоогоос уншиж байсан бас нэг мартагддаггүй нийтлэл бол "Цаг зарцуулаагүй зүйлдээ бүү гонсой". Үнэхээр л цаг хугацаа хичээл зүтгэл зарцуулаагүй  байж хүсч байсан зүйл нь бүтэлгүйтэхэд бид хямардаг шүүдээ. Танилцсан хүмүүс дундаас бусдаасаа арай илүү нэг залуу байгаа л даа. Гэвч 7 хоногт 1 уулзана, 2 өдөрт ганц удаа л ярина. Надад яагаад ч юм бэ би тэр хүний нөөцөнд байгаа юм шиг санагдаж байна. Нээх дотносохгүй мөртөө өөрийгөө мартуулчихгүй байх. Урьд нь өөрөө иймэрхүү арга ашигладаг байсан болохоор мэдэж л байна. Би ч гэсэн тэр хүн шиг өөрийг нь бас нөөцөнд байлгаад байж болох ч иймэрхүү хоёрын хооронд харилцааг хүсэхгүй байна. Өчигдөр уулзахдаа цаашид ийм хэвээр байвал дахиж ер нь холбоотой байх нь дэмий байх гэсэн бодлоо хэлээд сонссон хариулт минь үнэхээр тэнэг санагдлаа. Урьд нь тиймэрхүү хариулт сонссон бол өхөөрдөөд ойлгох байсан байх л даа. Ер нь хүн өөрийн хувьд чухал зүйлдээ л цаг хугацаа, зүрх сэтгэл, эд хөрөнгөө харамгүй зориулдаг шүү дээ. Ямар нэгэн зүйлд тэгж чадахгүй байна гэдэг чинь өөрийн минь хувьд тийм ч чухал биш гэсэн зүйл. Тийм ч чухал биш юмаа тэгээд алдчихаараа гомдоллоно шүүдээ. Тиймээс цаг зарцуулаагүй зүйл чинь бүтэлгүйтвэл битгий гомдоо гэж хэлэх дуртай болсон.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157