Тэмдэглэл-75

Өөрийгөө одоо хамгаалж чаддаг болсон гэж би боддог. Урьд нь өөрөөсөө ахмад хүмүүсийг хүндлээд ямар ч асуудлаар над руу дайрч давшилахыг нь үг дуугүй сонсдог байлаа. Үг хэлмээр байдаг боловч надаас ахмад хүн шүүдээ гэж бодоод л тэвчдэг байлаа. Дараа нь түүнээсээ болоод их стрессддэнэ. Гэхдээ одоо бол хэн ч над руу дайрч давшилахад шууд л хэлье гэснээ хэлчихдэг болсон. Угаасаа хүмүүстэй муудалцах дургүй. Хэрэлдэж ч чадахгүй. Хэлдэг хараалын үг гэвэл мангар, тэнэг хоёр л байх. Зүгээр л уурлаж бухимдахгүйгээр соёлтойгоор боловсон зангаар өөрийг нь бага зэрэг ичмээр байдалд оруулж сурсан байна. Ичсэн хүн жоохон бантана. Бантаж байх тэр үед нь сайхан үг хэлээд тайвшруулаад үүсээд байгаа асуудлыг зохицуулана. Зүгээр л сөргөлдөөнөөр биш тайвнаар асуудлыг зохицуулна. Энэ аргыг урьдны захирлаасаа сурч байлаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр мундаг захирлаасаа их зүйл сурсан. Манай захирал ер нь амны фигур сайтай хүн байсан юм. Төвөгтэй асуудал захирал дээр очлоо. Шийдэгдлээ. Ямар ч өндөр темпраменттэй хүн захирал дээр орлоо. Тайвшраад л инээгээд л гараад ирнэ. Өөрийнхөө зарим хийх ёстой зүйлээ надаар их хийлгүүлдэг байсан нь  их зүйл сурах боломж олгосон. Намайг дуудаж ирээд л энэ хүн чинь надаасаа их эрх мэдэлтэй хүн байхгүй юу. Та энэ хүнтэй уулз гэнэ. Би өөрөө бие даан шийдвэр гаргах болно. Тэр үед л өөртөө хичнээн итгэлгүй эргэлздэг хүн бэ гэдгээ илүү их мэдэрсэн. Бага багаар чухал шийдвэр гаргаад ирэхээр өөрийн эрхгүй өөртөө итгэлтэй болж эхэлдэг юм билээ. Захирлынхаа ачаар би өөрийгөө юу хийж чадах хүн бэ гэдгээ үнэхээр сайн мэдэрсэн дээ. Магадгүй ил гаргаж чадахгүй байсан давуу талыг минь надад ил гаргаж мэдрүүлж өгсөн байх. Бүх ажилчид маань ер нь тэр захиралд их ам сайтай хүндэлдэг байж билээ. Үйлчлэгч эгчийн угааж байгаа шалыг  хатахыг нь хүлээгээд л зогсож байдаг хүн болохоор аргагүй байх л даа. Бид нар бол та дахиад арчихаараа гээд л дээгүүр нь гишгээд яваад л байна шүүдээ. Гэвч хувийн амьдралаа бодоод гадаад руу явчихсан. Уул нь манай захирал шиг хүмүүс компани толгойлоод Монголдоо байвал энэ улсад л хэрэгтэй байх.  Уурлаж байгаа хүний өөдөөс уурлалгүй бас дуугүй зогсоод гүтгүүлээд юмуу өөрийгөө доромжлуулаад байлгүй нөгөө хүнээ тайвшруулж  өөрийнхөө бодол санаагаа ойлгуулж үүссэн нөхцөл байдлыг засч сурах нь их чухал зүйл гэдгийг ухаарсан даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157