Тэмдэглэл-76

Үнэхээр аймшигтай. Байгууллагын шинэ жил болох гээд л ажлын хүүхнүүд 1, 2 кг хасчих гээд л хичээж байхад би 2 кг-р нэмчихсэн байх юм. Нэг л юм дутагдаад сэтгэл санаа гаднаа тогтвортой байгаа ч дотроо бол үгүй бололтой. Муу ёртой юм шиг л юм идмээр санагдаад байхын. Дарах гэхээр л улам л нэмэгдээд дээрээс нь анхаарлаа өөр юманд сатааруулж чадахгүй байгаа болохоор өөрийн эрхгүй дэлгүүр лүү гүйгээстэй. Нээх гоё тийм оргилсон эрч хүч өгөх, өөрийн эрхгүй өөрчлөгдмөөр санагдуулах тийм зүйл алга. 
Өчигдөр өглөө ажил руугаа ирж явах замд fm-ээр хүмүүсийн СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ-ын тухай ярьж байна. Манай улсад чинь энэ талаар хийсэн судалгаа гэж байдаггүй юм байна ш дээ. Байлаа ч ихэнх нь л сэтгэл хангалуун биш гэж хариулсан байх байхдаа. Би ч гэсэн надаас энэ асуултыг асуувал үгүй гэж хэлэх ч нилээн бодохоор бас тийм ч гэмээр юмуу ер нь эргэлзээтэй байна. Мэдээж амьдарч байгаа нийгэм, орчин, одоогийн өөрийн амьдралаа харах юм бол үгүй гэж хэлэхээр байгаа боловчиг миний энэ амьдралыг мөрөөдөөд хүсээд сууж байгаа миний мэдэхгүй өчнөөн олон хүн энэ дэлхий дээр байгаа гэж бодохоор сэтгэл хангалуун байх ёстой ч юм шиг. Амгалан тайван гэр бүлтэйгээ эрүүл энх хийдэг ажилтай орой нь маргаашдаа нээх санаа зовоод байлгүй унтаж чадах энэ нөхцөл байдлыг хөөрхий тэр үймээн самуунтай байгаа орны иргэд хүсч байгаа шүүдээ. Хэн нэгний мөрөөдлийн амьдралаар амьдарч байж материаллаг байдлын дутагдлаасаа болж баячууд гэж нэрлэгддэг хүмүүсийн амьдралд атаархаж тэгж л амьдрахыг хүсч одоогийн байгаа нөхцөл байдлаа голох нь сэтгэл хангалуун бус хариултыг сонгох шалтгаан болдог байх. Бас нэг судалгаагаар манай залуучуудын дийлэнх нь өөрийгөө таньж мэдээгүй, өөрийн хүсч буй жинхэнэ зорилгоо тодорхойлоогүй хийхийг хүсдэг зүйлээ биш хийх ёстой зүйлээ хийж амьдардаг гэсэн. Энэ бол бас сэтгэл хангалуун бус байх нэг шалтгаан юм даа. Сэтгэл хангалуун байх гэж юуг хэлдэг юм бол. Одоо байгаа өөрийнхөө байдалд сэтгэл дүүрэн байж үүнээс илүүг хийж бүтээж чадна гэсэн итгэл урам зоригоор дүүрэн ирээдүйд юу ч болсон тэмцээд ялна гэсэн тийм л бат итгэлтэй байхыг хэлэх болов уу. Өөрийгөө ч, өөрийгөө хүрээлж байгаа орчноо ч өөрчилж чаддаг, жижигхэн ч гэсэн өөрийн орон зайндаа аз жаргалтай амьдарч чаддаг нэгэн болохын төлөө л би лав хичээж байна. Багаасаа л хүсч байсан маш олон мөрөөдөл хүслүүд надад байсан. Урьд нь тэдгээр мөрөөдлүүдээ биелүүлж чадаагүйдээ өөртөө дургүй хүрч байсан боловч нас нэмээд туршлага хуримтлуулах тусам, өөрийнхөө талаар бодох тусам тэр хүслүүд минь бага багаар алга болсоор одоо ганц хоёр зүйл л үлдэж дээ. Зүгээр л тэдгээрийг биелүүлэхгүй байсан ч болохоор биелүүллээ гэхэд нээх өөрчлөгдөөд байх юмгүй гэдгийг ойлгосон учраас орхичихсон юм. Бусдыг дуурайж өөртөө хиймлээр үүсгэсэн байсан хүслүүд юмуудаа. Эсвэл зүгээр шуналаас үүдсэн хүслүүд байсан байх. Хүний шунал хэрэгцээ хэзээ ч дуусахгүй. Эхэндээ хөл дүүжлэх машинтай болоё гэж хүснэ. Тэгээд л нэг хөөрхөн машинтай болно. Нэг хэсэг байж байснаа машинаа арай л том болгомоор санагдана. Тэгээд л хичээж байгаад томруулна. Дахиад л тэр тийм машинтай байна би түүнээс юугаараа дутдын тэрнээс том үнэтэй машинтай болно гэж хүснэ. Зүгээр л хол ойр явахад хэрэгтэй гэж бодож байсан машин нь сүүлдээ зорилго ч юмуу шунал эсвэл бусдад гайхуулж өөрөөрөө бардамнаж бахархах зүйл болж хувирна. Яг л үүн шиг бид байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл ханахгүй үргэлж л илүүг хүсдэг. Гэхдээ бидний энэ шунал хүн төрөлхтөний хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж л байгаа даа. Сэтгэл хангалуун амьдарч байна уу гэсэн асуултанд одоогоор би 50, 50 хувьтай л байна. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157