Тэмдэглэл-182

Найзтайгаа хамт амьдраад 2 сар боллоо. Энэ хугацаанд  миний амьдралын хэмнэлд бага сага өөрчлөлт ороод байна шүү. Жишээ нь гэхэд л урьд нь унтах дуртай зүүдний ертөнцөдөө умбахыг чухалчилдаг байсан бол сүүлийн үед орой унтаж эрт сэрдэг болсон. Ер нь нээх нойр хүрэхээ байсан байна. 12, 1 цаг гэж унтаад өглөө 7 цагт сэрээд байхтай холбоотой ч юмуу бараг л зүүдлэхээ байсан байна. Нүдээ аниад хэвтээд л нүдээ нээхэд өглөө болсон мэт л санагддаг болсон. Идэж уух хэмжээ өмнөхөөсөө хамаагүй багассан. Одоо дураараа сайхан шоудаж наргина гэж бодсон маань бүр худлаа болсон. 2 сарын хугацаанд 2 л гарсан юм байна. Санхүүдээ өмнөхөөсөө бүр хямгатай болсон. Ер нь сайн талаараа өөрчлөлт их гарсан байна. Бас өөрийгөө өдөр бүр гэрээ цэвэрлээд хоол хийгээд л байж байх хүн биш гэдгээ улам бүр ойлгосон. Гэрийн эзэгтэй болоход жаахан асуудал үүсэх л юм шиг байна. Хоол хийх дуртай хүнтэй суунаа. Аан бас урьд нь замын түгжрэл арилахыг хүлээж орой 20 цаг болтол ажил дээрээ суудаг байсан бол одоо яг 18 цаг гардаг болсон. Тэгээд л чихэвчээ зүүгээд л хөгжмөө сонсоод л эрч хүчтэйгээр хотын төвөөр алхаж яваад л гэртээ 19.30 цаг гэж харьдаг болсон.
Би дэлгүүр хэсэх дуртай хүн биш. Авах зүйлсээ сайхан жагсааж бичиж байгаад л тэрнийхээ дагуу аваад л болоо. Өшөө илүү дутуу юм хардаггүй. Гутал авах гэж гараад цамц авдаг эмэгтэй биш. Гутал авна гэсэн бол гутлаа авдаг, цамц авна гэсэн цамцаа л авдаг. Өөр энд тэндхийн гоё сайхан юмнуудыг сонирхдоггүй. Тийм болохоор ээжтэй юмуу эмэгтэй найз нартайгаа дэлгүүр хэсэхийг хүсдэггүй. Угаасаа намайг дагуулж явах дургүй. Би юм үзүүлэхгүй авна гэсэн л юмаа аваачээ гээд үглээд байдаг болохоор сүүлдээ бараг л муудалцана. Ямар ч эмэгтэй хүний шинжгүй гэж загнуулна. Огт хэрэглэж чаддаггүй зүйл гэвэл түрийвч юм байна. Яагаад ч юм бэ нэг л төвөгтэй санагдаад байдаг. Бас нээх бэлэн мөнгөтэй яваад байдаггүй болохоор тэр байх л даа. Бичиг баримт, банкны картуудаа цүнхнийхээ жижиг карманд л хийчихдэг. Ойр зуурын бага хэмжээний мөнгөө хувцасныхаа халаасанд л хийдэг болохоор түрийвчний хэрэг нээх байдаггүй. Хэрэглэж сурах гэж хүчээр оролдож үнэтэй түрийвч аваад ч нэмэр болоогүй. Нэг найздаа бэлэглэчихсэн. Төвөгтэй ядаргаатай санагдаад л байдаг юм. Цүнхэнд маань бичиг баримт, картууд, нойтон хуурай салфетка, уруул өнгөлөгч, хэдэн балнаас өөр юм байдаггүй. Будаг шунх ч байхгүй. Угаасаа нээх будаад байдаггүй. Нарны тос түрхлээ, крем түрхлээ сормуусаа будлаа, уруулаа өнгөллөө, хөмсөгөө самналаа тгээд л гүйцээ үнэртэй усаа цацаад л болоо. Ээж маань нээх будуулдаггүй будчихаар муухай овортой харагдаад байна боль боль гэсээр байгаад нүүрээ будаж чадахаа байсан бөлгөө. Ер нь таргалсанаасаа хойш л бага сага буддаг болсон юм байна. Өмнө нь ганц нарны тосоо түрхээд л явдаг байсан. Гэхдээ ч надад будах нээрээ гоё харагддаггүймаа. Аягүй сонин. Баяр ёслолын үеэр жаахан хүнд будаад л явахаар оворжуу харагдаад л зураг мурган дээр хүртэл онцгүй гарна. Тэгтэл зарим хүүхнүүд хичнээн сайхан харагддаг билээ. Ингэж л будахаас гээд дараа нь өөрийгөө будахаар хачин аймар л юм харагдах юмдаа.
Сүүлийн үед гарч байгаа Монгол кинонуудыг үзэх зориг нэг л хүрэхгүй байх юм. Хоёр нүдээ сохолчмоор санагдаад л гарч ирдэг  мэдрэмжээсээ залхаж байна шүү. Яагаад дээр үеийн кинонуудыг жил бүр баяр ёслолоор үздэг хэрнээ залхахгүй байхад кино театрт үзсэн киногоо дахиж нилээн хугацааны дараа зурагтаар үзэх хүсэл төрдөггүй юм бол. Аан наадахыг чинь үзчихсэн сувгаа соль соль гэдэг хэрнээ зөндөө л өмнө үзсэн дээр үеийн кинонуудыг болохоор үзээд л суух юм. Сүүлийн үеийн кинонууд нэг л удаагийн, арилжааны чиглэл рүүгээ болоод сэтгэлд наалдаж ёонк хийтэл юм бодогдуулахгүй зүгээр л тухайн үеийн цаг нөхцөөх сайхан зүйл болоод байгаа болохоор тэр юм болов уу. Ахмад уран бүтээлчид нь залуу үеийнхэндээ зааж сургаж чаддаггүй юм уу, залуу үе нь ахмадуудаасаа суралцахыг хүсэхгүй байна уу нэг л зүйл дутаад байгаа нь мэдрэгдэх юм.
Шинийн 15-ны сарыг харах тоолонд хүүхэд байхад  Монгол тв-ээр гардаг байсан Японы "Туулай хэрхэн саран дээр очсон бэ" гэдэг хүүхэлдэйн кино санаанд орох юм. Тэх хүүхэлдэйн киноны дүрслэл тэргэл сарыг харах мэдрэмжтэй яг хосолдог. Жоохон байхдаа гэхдээ энэ хүүхэлдэйн кинонд их дургүй байсан. Аягүй их ойр ойрхон гаргадаг байсан болохоор дургүй байсан байх. Хүүхэлдэйн киноны цагийг их хүлээдэг байсан болохоор шинэ биш хуучин хүүхэлдэйн киногоо гаргахаар уур хүрээд л явчихдаг байсан.
Ер нь Оросын ОРТ, РТР, Өвөрмонголын Одон телевизийг их үздэг байж дээ. Гадаад ертөнцийн мэдээллийг эдгээр сувгуудаас л авч байлаа ш дээ. Pokemon-ийг анх ОРТ дээр гарахад нь үзэж байлаа. Тухайн үед хэдтэй байсан юм бэ дээ. 11, 12 настай л байсан байх. Сэлэнгэд өвөөгийнд маань тэр үед кабелийн суваг байгаагүй болохоор гардаг энэ хэдэн л суваг байсан. Венесуэль, Аргентиний олон ангит кинонуудыг өвөөтэй нийлж үзээд л хашраадаг байлаа ш дээ. Тухайн үед ч юун гоё гоё кинонууд гардаг байсан юм.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сэтгэлд нийцэх, сэтгэл хөдөлгөх зүйлс улам багасаад байгаа нь олон зүйл үзэж харж мэдэрч туулаад ирэхээр тэгдэг юм болов уу.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157