Тэмдэглэл-186

Өнөөдөр захирлын найзынх нь эгч гээд үздэг хардагаараа мундаг гэсэн нэг эгч ажил дээр ирвээ. Захирал маань та хэд үзүүлвэл үзүүлээч гэхээр нь бас үгүй гэсэнгүй үзүүлж орхивоо.
Тэгсэн намайг удахгүй бөө болох юм байна, чамд бүр ойрхон ирчихэж. Арваад жилийн өмнөөс л бага багаар мэдэгдэж эхэлсэн байна гэсэн. Ер нь намайг бурхан шашны хүн болох ёстой байж үзэж харах авъяас чамд цаанаасаа өгөгдсөн боловч чи хөгжүүлээгүй орхисон байна. Бурхны ивээлд багтсан маш азтай хүүхэд байна гэсэн. Даанч буруу замаараа явчихаж. Чамайг зөв замд чинь оруулах гэж цаанаасаа их шахсан байна л гэнэ. Бас эцэг эхтэйгээ ойлголцдоггүй дотроо гомдол тээгээд явдаг чинь олон зүйлд саад болж байна. Аавдаа гомддог ч гэлээ ээжээсээ илүү ойлголцдог юм байна. Ээж та хоёрын зөрчил чинь бас арваад жилийн өмнөөс эхэлсэн байна. Та хоёр нэг нэгнээ ойлгодоггүй нь магадгүй энэ онгодтой чинь холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж байна шүү. Одоо хийж байгаа ажил мэргэжил чинь ч бас чамд тохирохгүй бусдад зөвлөгөө өгдөг, чиглүүлдэг, зааж сургадаг, дэмжиж тэтгэдэг багш, сэтгэл зүйч, үзмэрч гэх мэт ажлуудад л тохирох хүн байна даа гэсэн. Их эрч хүчтэй нэг зүйлд зүтгэвэл амжилт олох ч олон зүйл зэрэг эхлүүлээд хүчээ хий дэмий тарамдаад  юу ч үгүй хоцордог юм байна. Өөрийн гэсэн хүсэл зорилго тэмүүлэлгүй байгаад байна гэсэн. Материаллаг байдал, мөнгийг чухалд авч үздэггүй нээх ойшоогоод байдаггүй болохоор баян болно гэж худлаа гэхдээ хэзээ ч мөнгөөр тасарч байгаагүй мөнгөгүй болж байсан үе байхгүй яаж ийж байгаад л хаанаас ч юм бэ орлого орж ирдэг. Үүндээ чи талархдаггүй байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг юм байна. Одоо үүнээс хойш талархаж бай гэнээ. Нээрээ л миний санхүү муудаад ирэхээр санаанд оромгүй газраас бага ч гэсэн орлого орж ирээд тулгарч байсан санхүүгийн асуудлаа шийдээд л байдаг юм. Миний дотроо боддог мэдэрдэг тэр бүх зүйлсийг хэлсэн. Бас их ганцаарддаг юм байна. Хүнд сэтгэлээ нээж ярьдаггүй юм байна гэсэн. Би ер нь өөрийнхөө тухай хэзээ хаана хэнд хамгийн сүүлд ярьснаа санахгүй байна. Дандаа л бусдыг сонсдог. Заримдаа өөрийнхөө тухай ярих нь нээх яршиг төвөгтэй ч юм шиг санагддаг. Зүгээр л ингээд бичих нь хамаагүй амар байдаг. Эцэг эхтэйгээ учраа ололцож гомдолоо тайлах, өөрийн хийе гэсэн зүйлээ хийж, хүсэл тэмүүлэлтэй байж, бас улаач  болох эсэхээ сайтар бодож шийдвэл аяндаа чиний бүх зүйл тэгшрээд ирэх юм байна. Гадаад ч явна, нөхөртэй ч болох юм байна. Чиний энэ хүслүүд одоохондоо хоригдоод байна гэсэн. Би улаач болохгүй байж болох уу гэж асуусан чинь ямарч боломжгүй энэ бол цаг хугацааны асуудал цаг нь ирэхээр чи болох л болно, үгүй бол чи гэмтэх болно гэсэн. Цагааны талын бөө болох юм байна гэсэн. Ойрхон ирсэн гэдгийг нь би ч мэдэрдэг л дээ. Би айгаад дээрээс итгэл байхгүй байгаа болохоор бэлэн болохыг минь хүлээгээд байгаа юм шиг санагддаг. Яагаад ч юм бэ энэ талаар бодохоор 32 гэсэн тоо дандаа толгойд орж ирдэг. Үнэхээр болохоор бол 32 насандаа л болох байх гэж бодогддог юм.  Хүмүүс зүүдэлдэг л гэсэн гэхдээ би энэ талаар хэзээ ч зүүдэлж байгаагүй. Зүгээр л энэ талаар бодохоор надад айдас, итгэлгүй байдал хоёр л мэдрэгддэг. Энэ талаар нухацтай бодож эртнээс гэрийнхэнтэйгээ ярилцаж шийдвэрлэсэн нь дээр дээ гэж байна. Юу ч гэсэн одоохондоо зүгээр харж л байя. Надад бас  болохгүй байж болох ч юм шиг санагдаад байгаа болохоор.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157