Гэр

Орой бүр гэр лүүгээ харих замдаа Улаанбаатарын утаат өвлийн тэнгэрээс харагдахгүй их оддыг ширтсээр гэртээ ордог. Энэ байшингаа би бусдаас зөрүүдлэн авсан учир нь шөнө ирж үзсэнтэй холбоотой байх. Өвлийн шөнийн тэнгэрт гялалзах их одод үзэсгэлэнтэй харагдаж би энд л амьдармаар байна гэж өөртөө хэлсэн. Бас салхитай хөндий гэж нэрлэгддэг шигээ их салхитай газар. Салхинд зогсох дуртай надад тохирсон газар. Эзэнгүй айлууд их байдаг болохоор амар амгалан. Утаагүй цэвэр агаартай нь сайхан. Хот манай гэрээс бол сайхан харагдана. Утаа бүрхсэн хотын гэрлүүд холоос их үзэсгэлэнтэй харагддаг. Зурж чаддаг бол зурахсан. Нэг гэм нь даанч хол л доо. Ажил гэр хоёрын хооронд өдөрт 4 цаг зарцуулна шүүдээ. Эхэндээ хэцүү байсан ч одоо бүүр дасаад хол санагдахаа ч больчихож. Оддыг ширтэх тоолонд би энэ газрын биш тэр дээр байх газрын хүн юм шиг мэдрэмж үргэлж л төрдөг. Хэзээд арилахгүй. Өчигдөр яг л мэдрэгдсэн мэдрэмж өнөө орой оддыг харахад дахиад л мэдрэгдэнэ. Тэргэл сартай шөнө бол бүүр гоё. Сар орчин тойрныг гэрэлтүүлж сарны гэрэлд одод улам тод гэрэлтэж алхах тоолонд дуугарах хунгарласан цасны чимээнээс өөр зүйлгүй эргэн тойрон нам гүм байдаг энэ орчиндоо би дуртай. Манайхаас нилээн зайтай хэдэн үхэртэй нэг айл байдаг юм. Хааяа тэднийх аргал түлэхэд аргалынх үнэр салхиар дамжин үнэртэх нь хичнээн сайхан. Бусад хүмүүс намайг энэ байшинг авахад их дургүй тэнэгийг минь гайхаад л бэлэн сайхан байранд орохгүй юунд тээр хол газарт байшин авдаг юм бэ гээд л байдаг байсан. Үнэндээ тэд биш би л амьдрах газар учир өөрөө л сэтгэл ханамжтай байх орон байрыг сонгосон юм. Бусдад сайхан харагдах гэж биш өөртөө сайхан байх, тааламжтай байх тэр л газрыг сонгосон юм. Ганцаараа алхаж байхдаа дотроо элдэвийг эргэцүүлэн бодож явах хичнээн таатай билээ. Намайг өдөржин хүлээсэн нохой муур 2 маань баярлан угтан авна. Эзнээ ирж хоол өгнө гэдэгт л баярладаг байхдаа бодвол. Хүмүүс намайг айхгүй байна уу гэдэг л дээ. Эхэндээ бага зэрэг айдаг л байлаа. Одоо ч бүр дасчихаж дээ. Тусдаа гарснаасаа хойш их зүйлийг сурсан. Мөнгөндөө хүртэл хямгатай болсон. Гэрээ гоё тохижуулахыг хүсч бага багаар юм нэмээд л байгаа. Ер нь хийж өөрчлөх гэсэн юмнууд их байна. Аан энийг л өөрийн гэсэн гэр орон гэдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Ороод ирэхэд цаанаа л нэг дулаанхан таатай санагдаж би буруу наймаа хийгээгүй л юм байна гэсэн бодол төрнө. Энэ байшингаа авах зээл маань ч тэр их хялбархан бүтчихсэн. Хүмүүс гайхаад л байдаг юм. Бас нэг л ирж үзээд л ямар ч эргэлзэх зүйлгээгээр авна гэсэн сонголтоо хийсэн. Минийх л болох ёстой юм шиг санагдаж билээ. Төрөлх гэртээ хааяа очих сайхан ч яагаад ч юм бэ гэр лүүгээ яараад л.. Гэрсээ өөр айлд ч хонож чадахгүй болчихсон байна лээ. Хүн байх ёстой газраа олсон бол явахыг хүсдэг биш харин очихыг хүсдэг болдог юм байна  гэдгийг мэдсэн. Гэртээ харих зам хамгийн зөв зам гэдэг үнэн үг. Энэ бол зүгээр л гэр орондоо очих гэсэн үг биш л дээ. Өөрийн байх ёстой газар луугаа л оч гэсэн үг юм байна гэдгийг ойлгосон.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157