Тэмдэглэл-84

Хөдөөнөөс хүүхдээ эмчлүүлэх гэж ирсэн хамаатантайгаа цуг цусны шинжилгээ өгөхээр нэг хувийн лабораторид очив оо. Тэр нь дотроо эхо, эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй байсан юм. Биднийг очиход хүн байхгүй би үүдэнд нь ганцаараа хүлээгээд зогсож байлаа. Тэгсэн нэг жоохон хүүхэд, настай эгч, дунд эргэм насны эгч гээд 3 хүн орж ирээд эхо-д нь нөгөө жоохон охиноо үзүүлэхээр боловоо. Хэрэгт дурлаад хартал нөгөө жоохон охин жирэмсэн. Хөөрхий тэр настай эгч ээж нь ч юмуу эмээ нь ч юмуу ямар ч л байсан асран хамгаалагч нь бололтой. Ярианаас үзэхэд хот орж ирээд удаагүй байгаа нөхдүүд юм шиг байгаан. Нөгөө жоохноогоо ганцааранг нь нутагтаа хамаатан садан ч юмуу нэг айлд үлдээчихээд авчирсан юм байх. Тэгсэн ирээд удаагүй байтал нь гэдэс нь нэг л томроод яагаад томроод байгааг нь үзүүлэх санаатай иржээ. Мэдээж эхоны эмч жирэмсэн байна гэдгийг нь хэлсэн. Нилээд том болчихсон үр хөндүүлэх аргагүй их эрсдэлтэй гэдгийг нь хэлээд өөрөө бол хийж чадахгүйгээ бас хэллээ. Үүдний өрөөнд ганцаараа сууж байсан болохоор тэдний яриа надад их тод сонсогдож байсан юм. Үнэндээ тэр охин их жижигхэн биетэй  13, 14 орчим настай сарын тэмдэг нь ирээд удаагүй байгаа л охин байсан байх. Эмч мэдээж дагуулж ирсэн нөгөө хоёр эгчийг их зангинасан л даа. Ийм хайхрамжгүй байж болохгүй гээд л.. Манай хөдөөний хүмүүсийн нэг тийм гэнэн зан ч гэх юмуу эсвэл хайхрамжгүй зан ч гэх юм уу за энэ бид хоёр яавал гэж гээд хүүхдүүдээ нээх анхаараад байдаггүй юм шиг. Тэгээд эмч иймэрхүү үр хөндөлт хийж чадах хүнийг зааж өгөөд явуулж байх шиг байна лээ. Тийшээ очиж үзүүлэе гээд л гараад явцгаасан. Үнэхээр өрөвдэлтэй. Тэр охинд юу тохиолдоод тийм болсныг мэдэхгүй ч гэлээ тийм балчир хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон эрэгтэй хүн бол үнэхээр гаж донтой нөхөр гэж л хэлэх байна. Бүсгүй хүний хувь тавилан ч заримдаа тун өрөвдэлтэй юм даа гэж бодогдож байлаа. Хүн болох гэдэг зүүний үзүүр дээр нэг ширхэг арвай тогтоох шиг хэцүү гэж яриад байдаг ч зүгээр л эр эм хоёр эс нийлчихвэл хүн гэдэг дороо л бий болох юмдаа.
Би үр хөндөлтийг дэмжээд байдаггүй бас эсэргүүцээд байдаггүй. Байх ёстой зүйлийн нэг л гэж бодож явдаг. Хүний амьдралд юу ч тохиолдож мэднэ, хүн ямар ч буруу шийдвэр гаргаж болно. Гэхдээ үр дагавар нь өөрийнх нь хүсээгүй хүүхэд бол тэрийг энэ амьдралд авчирч зовоох шаардлага байхгүй. Бүхний бурууг тэр хүүхэд хүлээж ямар ч хүн болж өсөх юм билээ. Мэдээж сайн хойд эцэг эхүүд байдаг ч гэлээ амьдрал дээр муу нь их шүү дээ. Хүний хүүхдийг өөрийнх шигээ үзэж хайр халамжаа яг адилхан мэдрүүлэх хойд эцэг эх ховор. Дахин амьдрал зохиож байгаа хүмүүсийг харахаар өөрийн хүүхдээ шинэ амьдралдаа оруулалгүй аав ээж дээрээ байлгаж өсгүүлдэг хүмүүс их байна. Өөрийг нь хайрлаад байгаа мөртөө төрүүлсэн үрийг нь хайрлаж чадахгүй байгаа эр хүнтэй амьдрах шаардлага байдаг ч юмуу бүү мэд. Ганцаараа  түшиж тулах эр хүнгүй байна гэдэг заримдаа бүсгүй хүнд их хэцүү байдаг юм шиг. Хэн нэгэн эр хүнийг дэргэдээ байлгахын тулд эх хүний хайраа төрүүлсэн хүүхдэдээ бүтэн зориулж ч чадахгүй байгааг харахаар эм хүйстэн болж төрөх нь заримдаа их хэцүү замыг туулах юмдаа гэж бодогдох юм.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157