Тэмдэглэл-82

Урьд нь энэ амьдралаа ганц биеэр туулна гээд шийдчихсэн түүндээ бүр итгэчихсэн өөрөө өөртэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээд сурчихсан, хайр дурлалын харилцаагаа гүнзгийрүүлдэггүй, өөрт минь хэтэрхий сайн болохоос өмнө харьцаагаа тасладаг урт хугацааны харилцаанаас зайлсхийдэг байлаа. Гэвч нэг л орой энэ итгэл алга болчихсон юм. 2014 оны 12р сарын нэг өдөр урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардлыг мэдэрч хоолой минь зангираад золтой л уйлчихаагүй. Нэг үйл явдлаас болоод ганцаараа хөгширсөн өөрийгөө төсөөлсөн чинь муур нохойгоор хань хийсэн ганцаардмал эмгэн л сэтгэлд бууж билээ. 80 настай би одоогийн өөрийгөө зэмлээд харамсаад сууж байх вий гэхээс айсан. Гэвч хажуугаар нь бас олон жил итгэж ирсэн итгэлээ иймхэн зүйлийн төлөө алдахгүй байх хэрэгтэй ш дээ. Гадаад улс оронд ганцаараа ч гэсэн сайхан амьдарч байгаа хөгшчүүл байгаа шүү дээ гэсэн бодол орж ирнэ. Өөртөө л арчаатай байвал 80 хүрсэн ч эрүүл саруул хөнгөн шингэн 60тай юм шиг харагдах бүрэн боломж байгаа шүү дээ гэж бодол орж ирнэ. Ганцаараа байх уу, гэр бүл зохиох уу гэсэн шийдэлд хүрэх гэж нилээн бодсоны эцэст гэр бүл зохиох нь илүү дээр юм байна гэж бодох боллоо. Тиймээс энэ жил нөхөртэй болноо. Гэхдээ их яарч байгаад буруу сонголт хийж магадгүй учир зүгээр л зөнд нь орхиод багахан хичээл зүтгэл гаргая.
Хар багаасаа найзалсан 5, 6 эмэгтэй найзууд надад бий. Надаас бусад нь 18-20 насандаа гэр бүл зохиогоод 3-5 хүүхэдтэй ээж, эхнэр болсон бүсгүйчүүд. Оюутан байхад би сураад тэд нар маань гэртээ хүүхдээ хараад жижиг ажил хийгээд надтай бараг уулзах боломж байдаггүй байлаа. Би л гэр орноор очино, эсвэл утсаар  ярина. Гадуур дотуур уулзъя гэхээр хүүхэд тэгсэн ингэсэн гээд ер нь л болдоггүй байлаа. Тэр үед хэдэн найз нартай уур хүрч хар залуугаараа хүүхэд гаргаад хамаг залуу насаа гэрийн мухарт өнгөрөөлөө гэж их зэмлэдэг байж дээ. Гэвч одоо ингээд харахад тэд нар маань хүүхдээ харангаа сурч ажил хийж их зүйлийг амжуулжээ. Залуу насаа дэмий өнгөрөөсөн нь тэд биш би л байсан юм байна гэдгийг тэднийг харах тоолондоо мэдрэх юмдаа. Одоо том том болчихсон хүүхдүүдтэй, нөхөртэй, ажилтай гээд их зүйл хийсэн байхад надад юу ч алга. Хийсэн зүйл юу байна гээд хүнд хэлэх юм нэг ч алга. Цаашдаа ч энэ байдлаараа л явах байх. Тиймээс эхнэр хүн, ээж хүн болох нь хамгийн сайн сонголт юм шиг.
Хүн яаж өөрчлөгдөхийг урдаас тааварлаж мэдэхийн аргагүй юм даа. Зөв гэж бодож байсан зүйлс нэг л өдөр худлаа болно. Худлаа гэж итгэж байсан зүйлс нь нэг л өдөр үнэн болж хувирна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157