Тэмдэглэл-86
"Хүний энэрэнгүй зөөлөн өрөвч сэтгэл гэдэг гэдсээ цадтал идчихээд үлдэгдэл хоолоо золбин нохойд өгөхийг хэлдэггүй юм. Өөрийн чинь гэдэс өлсөж байсан ч олдсон үмх хоолоо золбин нохойтой хувааж идэх сэтгэл байвал тэр нь энэрэнгүй өрөвч зөөлөн сэтгэл юм" гэсэн нэг ишлэл байдаг даа. Яг сайн санахгүй байгаа ч иймэрхүү л утга илэрхийлсэн байсан шиг санаж байна. Энэ ишлэлийг бодохоор би үнэхээр өрөвч зөөлөн энэрэнгүй хүн биш бололтой гэсэн бодол орж ирдэг. Гэдэс минь өлсөөд байвал ямар ч хамаагүй аргаар хоол олж идэхийг хүснэ. Арайхийж олсон хоолоо бусадтай хуваалцана гэдэг даанч шудрага бус юм шиг санагдана. Амьдарахын тулд өчүүхэн өл дарах хоолоо хэн ч хуваалцахыг хүсэхгүй. Хайртай хүн чинь биш л бол.. Хайртай хүмүүстэйгээ хуваалцах бол эн тэцүүхэн хуваагаад л жоохон юм идчихнэ. Харин огтоосоо таньж мэдэхгүй хөндлөнгийн хүний хувьд тэрний өлсөнө үү, үхнэ үү огтхон ч падлийгүй. Ингээд бодохоор хүн гэдэг муухай амьтан юмдаа, тэр муухайнуудын нэг нь би гэж бодогдоно. Өөрийгөө сайн сайхнаар төсөөлж байсан бүх төсөөлөл алга болоод зүгээр л сайн сайхнаар муу муухайгаа өнгөлөн далдлалт хийснээ ойлгоно. Гэхдээ сайхан чанар гэх үү эсвэл шал хэрэггүй илүүц зан гэхүү нэг чанар надад байгаа нь хэдий би өөрөө өлсөж байсан ч, хайртай хүмүүс минь ч гэсэн өлсөж байсан ч бусдын хоолыг булааж авч чадахгүй зан. Өөрийгөө биш юмаа гэхэд хайртай хүмүүсээ бодоод сул дорой хүмүүсээс эсвэл бусдыг хоолыг хулгайлах боломжыг ашиглаад авчих тийм зан байхгүй юм. Энэ бол миний хувьд юу гэж дүгнэгддэг вэ гэвэл миний хувиа хичээсэн зан юм байна гэж. Бусдын зүйлийг авчихаад өөрийнхөө эдлэх зовлонг өөр хүнээр эдлүүлчихээд би нэг хором ч тайван байж чадахгүй. Үнэхээр их сэтгэлийн дарамттай амьдарна. Хэдий өөрийнхөө төлөө биш хайртай дотны хүмүүсийнхээ төлөө тийм зүйл хийлээ ч энэ миний тайвширах шалтгаан болохгүй. Өөрөө өөрийгөө үзэн ядах байх. Өөрөө өөрөөсөө айх байх. Энэ дарамттай хэцүү мэдрэмжүүдийг мэдрэхгүйн тулд бусдаас юмыг нь булааж дээрэмдэж хуурч залилаж авч чадахгүй. Тиймээс л хувиа хичээсэн хүн болж хувирч байгаа юм. Ямар ч хэрэггүй зан. Өөрөө ч өлсөөд дээр нь хайртай хүмүүсээ ч өлсгөөд... Тэгсэн мөртөө бусдын хоолыг анхаарахгүй байх. Энийг юу гэж нэрлэдэг юм бол. Арчаагүй зан гэх үү.
Comments
Post a Comment