Тэмдэглэл-88
Өмнө ч тэр одоо ч тэр би эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнийг харах дуртай. Эмэгтэйчүүддээ их хайртай. Болж өгвөл бүгдээрээ л жаргалтай байгаасай гэж хүснэ. Эмэгтэй хүнтэй хэрэлдэж муудалцаж чаддаггүй мөртөө эрэгтэй хүнтэй зодолдож ч чадна. Миний өрсөлдөгч эмэгтэй хүн байвал би зүгээр л буугаад өгчихдөг. Харин эрэгтэй хүн байвал ямар ч хамаагүй аргаар ялахыг хүснэ. Ялагдчихвал уур хүрч өөр аргаар заавал хариугаа авахыг хүсдэг. Гэхдээ одоо энэ мэдрэмжээ дарж байгаа. Эрэгтэй найзууд минь намайг "Эрэгтэй хүн шиг эмэгтэй найз" гэж дууддаг. Сайхан залуугаас илүү сайхан бүсгүйг би харах дуртай. Яг л эрэгтэй хүн шиг 2-р сувгийн юм боддог. Уруулыг нь үнсэхийг хүсдэг, гарнаас барихыг хүсдэг, хөхийг нь илэхийг хүсдэг. Хөнжилдөө ямархуу бол гэж төсөөлнө. Үргэлж л иймэрхүү зүйлс төсөөлдөг байсан болохоороо өөрийгөө ижил хүйстэн байхаа гэж боддог байсан боловч үнэндээ бэлгийн чиг хандлага маань 100% эсрэг хүйстэнээ сонирхдогоо мэдсэн. 2,3 удаа ч эмэгтэй хүнтэй үнсэлцэж үзсэн боловч үнэхээр болдоггүй зүйл болдоггүй л юм билээ. Оюун ухаан минь өөр зүйл бодно, харин бие минь өөр зүйлийг хүснэ. Тэгэхээр олдмол ижил хүйстэн байдаг гэдэг нь шал худлаа. Энэ угаасаа олдмол байж болохгүй ч юм билээ. Таалагдаад байгаа залуу минь эхнэртэй ч юмуу эсвэл найз охинтойг мэдэх юм бол ЭР ХҮН гэж харж байсан нь шууд ХҮН болж өөрчлөгддөг. Хичнээн их сэтгэл татагдаж байсан ч тэр хүн лүү нэг ч алхам хийхгүй байх нь миний амьдралын нэг зарчим. Нээх мундаг сайн хүн дээ биш зүгээр л цаана ньбайгаа эмэгтэйг бодохоор өөрийнх эрхгүй ухардаг. Үнэхээр мундаг чадвартай лаг залуу бол гэр бүлтэй байсан ч салгаж аваад л суудаг газар ш дээ. Хүүхдэд нь хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өгчихнө ямар ч асуудалгүй гэж ярьж байсан бүсгүйчүүдтэй таар ч л байлаа. Тэгж ярьсан хүмүүсийг ч буруутгах аргагүй л дээ. Үнэхээр хайртай бол үнэхээр салж чадахгүй байгаа сэтгэл бол хэцүү шүү дээ. Хүн бүр өөрийхөө сэтгэлийг удирдаж мэдрэмжүүдээ дарж чадахгүй шүүдээ. Ядаж л би өөрөө хэн нэгэн эмэгтэйг гомдоох үйлдэл хийхгүй байя гэж хичээж явдаг. Зүгээр л илүү дутуу зүйлгүй нууц амрагийн харьцаатай байхыг хүссэн санал авч л байлаа. Хүндэлж үлгэр дуурайл авдаг хүмүүс минь иймэрхүү санал тавихад нөгөө бахархаж байсан сэтгэл шалаар нэг тарж байгаа юмдаа. Эцсийн эцэст бүгд л ялгаагүй юм шив дээ гэсэн бодол орж ирэхэд хичнээн их харамсдаг гээч. Гэхдээ энэ чинь эрэгтэй хүний байгалийн төрөлхийн л шинж чанар энийг яагаад ч үгүй хийж чадахгүй тиймээс зүгээр л энэнд нь өртөхгүй байх хэрэгтэй гэж бодсоны улмаас гэр бүлтэй эрэгтэй хүнтэй харьцахдаа заавал тодорхой зайнаас харьцдаг болсон. Ямар ч дотносох боломж олгохгүй байхыг хичээдэг болсон. Найзууд дунд минь бусдын нууц амраг байсан, байгаа найзууд байгаа боловч би тэр хүмүүсийг буруутгаж шүүмжилж чадахгүй. Гэхдээ эр нөхөр, найз залуудаа араараа тавиулсан бүсгүйчүүд нөгөө эмэгтэйг нь үзэн ядаад байдаг. Гэтэл эрэгтэйчүүд нь өөрсдөө эхэлж гэмгүй байсан бүсгүйн анхаарлын татаж сэтгэлийг нь эзэмдчихээд гарах гарцгүй байдалд оруулчихдаг. Ихэнх тохиолдолд ийм л байдаг. Тэгсэн мөртөө өөрөө нээх гэмгүй байхад нь тэрмуу хүүхэн сээтэн хаяж өдсөн болгож ярьдаг. Үнэхээр хайртай байсан тэр хүнээ ч би Монголд найз охин нь хүлээж байгаа гэдгийг сонсоод яаж ч чадалгүй зүгээр л орхисон. Гэхдээ тэр өөрөө л эхэлж надтай яриа өдөөгүй байсан бол би түүнийг анхаарахгүй л өнгөрөх байсан. Найз охинтой гэдгийг нь мэдээд хэцүү байсан болохоор надад сайн гэсэн залуу болгонтой л уулзаж бодохгүй байхыг хичээдэг байсан нь түүний хувьд би хөнгөмсөг аальгүй эмэгтэйн дүрээр л үлдсэн. Өөр эмэгтэй дэргэд нь байгаа, өөр эмэгтэй сэтгэлд нь байгаа эрэгтэйн дэргэд би байж чадахгүй. Өөрийгөө бодсондоо өөртөө хайртай болохоор миний бардам зан үүнийг тэвчиж чадахгүй. Зүгээр л илүү дутуу хүмүүстэй янз бүр бололгүй хайрлана гэж шийдсэн тэр л хүнээ хайрлаад явж болдоггүй л юм байхдаа энэ хүмүүс.
Comments
Post a Comment