Тэмдэглэл-136

Болдогсон бол гэдэснийхээ өөхийг хөх рүүгээ, гуяныхаа өөхийг өгзөг рүүгээ хийчихвэл ч юун Ким Кардашиан болох байх даа. Би лав Кимийг сайхан хүүхэн л гэж боддог. Зарим хүмүүс муухай гээд л байдаг юм. Викториа Секретсийн хүүхнүүдээс ч илүү гэж хувьдаа хэлнэ. Өө хэлсэн хүнд намхан л юмдаа. Өшөө жаахан өндөр байсан бол муухай гэж хэлж зүрхлэх хүн энэ дэлхий дээр байхгүй байх байсан.
Урьд нь би Ницщег уншиж чаддаггүй байлаа. Дэндүү гунигтай, бараан, гутранги болохоор миний санаа бодолтой огт нийцдэггүй байлаа. Харин одоо би түүнийг  ойлгож байна. Гэхдээ зарим зүйл нь миний бодлоос өөр болохоор Ницщег бодвол би жаахан өөдрөг хүн юм шиг байна.
Хэзээ хамгийн сүүлд Гандан орсноо мартчихаж. Өнөөдөр харин тэр хавиар явсан чинь Гандангийн тэр хавь гоё болчихож. Өөрөө өөртэйгээ жаахан романчиклав.
Зарим эрэгтэй хүмүүс өөрсдийгөө эмэгтэй хүнийг мэддэг гэж боддог бололтой. Эмэгтэйчүүд чинь ийм хүмүүс байхгүй юу гээд л ярьцгаах юм. Хамт амьдарсан энэ хэдэн мянган жилд эмэгтэй хүнийг бүрэн ойлгосон эрэгтэй хүн хэзээ ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Зүгээр л дөнгөж өнгөц хэсгийг нь мэддэг болсныгоо эмэгтэй хүнийг мэддэг гэж дүгнэвэл том эндүүрэл шүү дээ. Хоногийн 24 цаг хамт байж насаараа амьдарсан ч яагаад ч мэдэж, таамаглаж чадахгүй хүмүүс шүү дээ.
Би эрэгтэй хүмүүсийн сэтгэлээр тоглоом хийх дургүй. Тэднийг шархлуулах, гомдоох зүйлс хийхийг хүсдэггүй. Магадгүй эрэгтэй дүүтэй болохоор тэр л байх даа. Энэ амьдралын минь ганц утга учир амьд явах шалтгаан болсон дүүгийн минь сэтгэлийг хэн нэгэн эмэгтэй зовоохийг хүсэхгүй байна. Тиймээс дүүдээ хүсэхгүй байгаа зүйлсийг ч бусад хүнд би өөрөө гаргахгүйг хичээдэг.
Хэрвээ харилцаа минь нэг л биш болоод би  харилцаандаа үнэнч бус болох гээд  байвал харилцаагаа таслах хэрэгтэй болсныг мэддэг. Гэхдээ салъя гэдэг үгийг би өөрөө бараг хэлж байгаагүй. Цөөхөн удаа хэлсэн нь надад ч тэр нөгөө хүндээ ч тэр харилцаа минь тэгтлээ чухал биш болсонд үед би өөрөө эхэлж хэлж байсан юм байна. Харин бусдаар нь бол түрүүлж хэлүүлж би өөрөө хаягдсан хүний дүрд тоглодог байлаа. Салъя гэдэг үгийг өөрөөр нь хэлүүлэхийн тулд  өөрийнхөө жинхэнэ занг гаргадаг. Тэрийг минь харсан хэн ч угаасаа тэсч чадахгүй зугатахыг хүсдэг. Хаягдсан өрөвдэлтэй хүний дүрд өөрөө тоглож сайн эмэгтэйг хаясан муу залуугийн дүрийг нөгөөдөө үлдээдэг. Угаасаа ингэж салах нь хэнийг ч шархлуулах гомдоох хүсэлгүй надад тохирсон арга. Хэрвээ би түрүүлж хэлвэл эрэгтэй хүнд хүндээр тусах нь ойлгомжтой шүү дээ.
Би тэдний сэтгэлд ямар дүрээр үлдсэн бол гэж хааяа боддог. Маш халуун дулаан нэгэн байснаа гэнэт л маш галзуу хайхрамжгүй хөндий болсон нэгэн л байгаа байх даа. Яагаад бүх юм тэгж эргэсэн, яагаад салснаа ч бүрэн ойлгоогүй байж харилцаагаа таслачихсан нэгэн л байгаа байх даа. Гэхдээ эргээд хэн нь ч буцаад нийлье гэж хэлж байгаагүй болохоор санахыг хүсдэггүй нэгэн нь ч байж магадгүй.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157