Тэмдэглэл-95
Миний гадна дүр төрх бусдын харцыг булаам сайхан биш болдог бол засч янзлуулмаар зүйлс их байгаа ч үүндээ гутраад байдаггүй. Магадгүй царай муутай нэгэн байж болох ч хувьдаа өөрийгөө царай муутай гэж бодож байгаагүй. Миний зан ааш, үзэл бодол бусдад таалагдахгүй байж болно. Гэхдээ өөртөө би дуртай. Өөрийгөө бусадтай харьцуулах дургүй, харьцуулагдах ч дургүй. Надад өөрийн гэсэн онцлог мөн чанар байгаа. Түүгээрээ л бид бусдаас өөр байдаг. Бусдын сайн сайханд нууцхан атаархаж даган дуурайж байгаа хүмүүсийг харахаар инээдтэй санагдаад байх юм. Худлаа дуурайж байхаар тэр сайн сайхныг нь жинхэнэ өөрийн болгох хэрэгтэй ш дээ. Хичнээн гаднаа гоо үзэсгэлэнтэй байлаа гээд дотоод мөн чанар нь гаднах шигээ биш байвал үнэхээр өрөвдөлтэй биш гэж үү. Өөртөө биш бусдад сайн сайхан хүн болж харагдах гэсэн хүмүүс ямар их юм бэ. Өөрөө өөртөө хүн чанартай хүн болохоос илүү бусдад хүн чанартай болж харагдах гэсэн дүр эсгэсэн хүмүүс их юмаа. Ийм хүмүүстэй харьцахаар хамаг энергиэ барчих юм. Худлаа гэдгийг нь мэдээд байхад л болихгүй байгаа хүмүүсийг яах вэ. Дүр эсгэсэн хуурамч сайн хүнтэй харьцсанаас дүр эсгээгүй муу хүнтэй харьцах нь илүү амар ч юм уу. Жинхэнэ өөрийнхөө бодол санааг ил гаргахгүй худлаа инээмсэглэлээр далдлаад сэтгэлд нь байхгүй үгсийг нь сонсох хэцүү . Надад нэгхэсэг хүмүүс сайн байдаг, нэгхэсэг хүмүүс үнэхээр дургүй байдаг. Сайн нь муугаасаа цөөн ч энэнд би нээх гомдоод байдаггүй. Би ямар байна түүгээрээ л байна. Өөртөө байхгүй дүрийг гаргах гэж зовмооргүй байна. Өөрсдөө нээх сайн сайхны туйл юм шиг бусдын сонголт шийдвэрийг өөлж гоочилж өөрийнх нь шийдвэр сонголт зөв байсан гэж ярьдаг хүмүүст үнэхээр дургүй. Ийм хүмүүс миний нүдэнд мундаг хүн гэхээсээ илүү өөртөө итгэлгүй хүн гэж харагддаг.
Comments
Post a Comment