Тэмдэглэл-92

Өчигдөр орой TV-гээр Филадельфи-г үзээд сайхан уйллаа. Зөндөө үзсэн хэрнээ л уйлж дуусахгүй юмдаа. 2003 онд байхаа. 8-р ангид байсан юмдаг. Тэр үед 12.1-ний ДОХ-ны эсрэг өдрийг Монгол албан ёсоор тэмдэглэдэг боллуу эсвэл болоод удаагүй байсан ч билүү ямар ч байсан тэр жил ДОХ-ын эсрэг өдөр гээд манай сургууль ахлах, дунд ангийнхны хооронд тэмцээн зохион байгуулсан юм. Их л сүртэй ач холбогдол өгөөд бөөн юм болоод л байсан юм. Тэр тэмцээн нь ангиудын мэндчилгээ, Дох-н эсрэг утга бүхий жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн гэсэн хэсэгтэй байсан юм. Ангийнхаа жүжгийг би өөрөө санааг нь гаргаад гол дүрд нь тоглосон юм. Ээжтэйгээ амьдардаг ядуу охин. Ээж нь  хүнд өвчтэй. Ээжийнхээ эмнэлэгийн төлбөрийг олох гээд биеэ үнэлж яваад ДОХ-н халдвар аваад тэрийгээ ээждээ хэлэх гэж буй охины дүр л дээ. Тэр үед ДОХ гэдэг бол муухай өвчин гэж үзүүлэхээс илүү ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг ойлгож тэднээс цэрвэж зай барилгүй сэтгэлийн дэм өгцгөөя. Хэн хүнээс илүү тэр хүнд ямар их хэцүү байгааг ойлгоцгооё гэсэн утгыг л илэрхийлэхийг оролдсон юм. Жүжгээ тоглож дуусчихаад үзэгчид рүү харсан чинь бөөн нус нулимастайгаа хутгалдсан хүмүүс сууж байсан юмдаг. Бүгд л баяр хүргээд л магтаад л... Үнэхээр сайхан мэдрэмж байсан. Анх удаа л маш олон хүнээс магтаал урмын үг сонссон маань тэр байсан байх. Урлагийн хүн байхын хамгийн сайхан нь үзэгчидээс хүмүүсээс алга ташилт авах, магтаалын үг сонсох гэж ярьцгаадаг нь үнэхээр үнэн. Энэ мэдрэмж бол гайхалтай мэдрэмж. Магадгүй тэр үед жүжигчин болно гэж эргэлт буцалтгүй дотроо шийдээд өдөр шөнөгүй бодож мөрөөддөг байсан байх. Гэвч цор ганц байсан хүсэл мөрөөдлөө гэр бүлээ бодоод орхисон юм. Олон олон хүмүүс мөрөөдлөөрөө амьдарч чаддаггүй нь тэд мөрөөдлөөсөө илүү гэр бүл хайртай хүмүүсээ нэгт тавьдаг. 18 настай би 30 настай би-г төсөөлөхдөө алдар хүндтэй мундаг жүжигчин болсон байхаар төсөөлж байсан байх. Одоо байгаа би-г хэрвээ харах юм бол үнэхээр өөрийгөө гэдэгт итгэхгүй л байх байсан даа. Цорын ганц хүсч байсан зүйлээ алдах үед надад үнэхээр хэцүү байсан. Галзуурмаар, бараг галзуурах нь илүү дээр юм шиг санагддаг байсан. Яах гэж Монголд хүн болж төрвөө, яах гэж ийм аав ээжтэй болж төрвөө, би ямар азгүй юм бэ, би юуг буруу хийсэн юм бэ гээд л мөн ч их шаналдаг байж дээ. Гэвч амьдрал ямар заавартайгаа ирэх биш дээ гэдэг шиг амьдрал үнэхээр ярвигтай, тодорхойгүй, ойлгомжгүй. Тийм л болохоор хүмүүс амьдрахыг хүсдэг байх, ирээдүйд итгэж найддаг байх. Магадгүй би тэр үед жүжигчин болох замыг сонгосон бол одоо бодоод байгаа шигээ тийм мундаг хүн болох байсан ч юмуу үгүй ч юм уу.Үнэхээр зөв сонголт хийсэн, шийдвэр гаргасан гэдгээ үхэх үедээ амьдралаа эргэн нэг харахдаа л мэдэх байх даа. Магадгүй би үхэх үедээ шал дэмий юм донгосч бичиж байхаар хайран тэр цаг хугацааг тийм зүйлд зарцуулсан ч болоосой гэж харуусаж бодож ч магадгүй л юм. Бичих гэдэг одоо надад зөв сонголт юм шиг санагдаж болох ч ирээдүйд харамсвал яах вэ. Гэхдээ бараг тэгэхгүй байх л даа. Бичнэ гэдэг бол миний  зуршил, амьдралын минь нэг хэвшил болчихож дээ. Миний тайвшрал, өөрийгөө илэрхийлэх арга юмдаа. Үхэж байхдаа хүртэл үзэг цаас нэхэж үхэж буй үеийнхээ мэдрэмж бодлыг бичихийг хүснэ биз. Одоо дахиад алдаж боломгүй, алдахыг ч хүсэхгүй байх тийм сайхан хүсэл мөрөөдөлтэй болж чадах болов уу. Эрэл хайгуул хийсээр байгаа боловч олохгүй л юм. Нэгэнт эзэмшиж, туршлага хуримтлуулсан энэ мэргэжилдээ улам мундаг болж эцсийг нь үзэхийг хүсэхгүй юм. Хүн мэргэжилдээ дуртай болдог гэж ярьдаг ч би дуртай болохгүй байсаар л байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157