Тэмдэглэл-93
Манай дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. 7 тэрбум шүүдээ. Маш их тоо. Гэтэл би амьдралынхаа туршид эдгээр 7 тэрбум хүнээс дээд тал нь 1000 хүнийг нь ямар нэг байдлаар мэддэг болно. 1000-хан хүн. 7 тэрбум хүн 1000 хүн. Манай гариг асар том, харин миний амьдрал тэрний хажууд маш жижигхэн байх нь. Үлдсэн 6 тэрбум 999 мянган хүнийг таньж мэдэхгүйгээр үхнэ гэж бодсон чинь үнэхээр харамсмаар юм. Миний уулзаагүй тэр хүмүүс дунд ямар гайхамшигтай сайхан хүмүүс, ямар зэвүүцэм муухай хүмүүс байхыг мэдэхгүй өнгөрнө гэж бодсон чинь үнэхээр амьдрал минь өрөвдөм санагдаж байна. Дэлхийн амьдралын нэг жижигхээн хэсэг болж байгаа юм чинь сансар огторгуйтай өөрийгөө зүйрлэвэл ердөө нэг хумхын тоос л болж таарах юм шиг байна. Гэхдээ би өөрөө өөрийнхөө ертөнцөд хамгийн том нь гол цөм нь. Надаас өөр хэн ч тэнд илүү чухал байж чадахгүй. Намайг тэндээс хэн ч явуулж чадахгүй, тэр ертөнц ямар байхыг ганцхан би л шийднэ. Ингээд бодохоор миний амьдрал жижигхэн мөртөө том юм. Жижигхэн амьдралаа бага ч гэсэн томруулж, өөрийн ертөнцөө илүү сайхан болгох нь хүний хүсэл зорилго юм шиг. Тэр зорилгодоо хүмүүс ямар нэгэн аргаар хүрэхээр тэмүүлж амьдарна. Заримынх нь арга зөвддөг бол заримынх нь бурууддаг. Буруудсан бол тэрийгээ зөв болгох гэж, зөв хийсэн бол цаашдаа ч гэсэн зөвөөрөө явах гэсээр амьсгалах хоногийн минь тоо дуусна. Жижигхэн мөртөө том, том мөртөө жижигхэн энэ амьдралын утгыг нь бага ч гэсэн ухаарах юмсан.
Comments
Post a Comment