Тэмдэглэл-114

Сонгууль өгөхгүй гэсэн хүмүүс их байна шүү. Уул нь энэ буруу юм байгаам даа. Өгөхгүй байх тусам л бидний сонгохыг хүсээгүй хүмүүс сонгогддог юм. Тэртээ тэргүй нэр дэвшиж байгаа хүмүүсийн хэн нэгэн нь гарч л таараа. Өгөхгүй байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.  Би ч Их хурал болон Иргэдийн төлөөлөгчидөд сонгох хүнээ альхэдийн шийдчихсэн. Тийм болохоор сонгуулийн дуулиан шуугианд нээх анхаарахгүй байгаа ч Уянга, Эрдэнэчимэг хоёр эмэгтэй хүмүүсийн нэр хүндийг унагаж байна даа.
Хувьцааны эхний 100,000 өнөөдөр авсан юм байна. Гэхдээ гар дээр ирээгүй л дээ. Банкны өрөнд явчихсан. Цаасан дээрх өрний тооноос минь л хасагдсанаас биш буцаад л банкиндаа оччихсон мөнгө. Гар дээрээ бэлэн авч байгаа хүмүүс цөөхөн байх. Бүгд л өр ширэндээ өгч байгаа биз.
Ядуу айлын хүүхэд байх хэцүү юм даа. Аав ээжид минь хүүхдүүдээ өвлүүлж үлдээх сэтэрхий тэвнэ ч байхгүй. Амьдрах гээд л зүтгээд байна. Заримдаа ингэж зүтгэхээс ч залхаж байна. Оюутан байхдаа сургалтын төлбөрөө олох гэж баян айлын гэр цэвэрлэж хүүхдийг нь харна. Дээрээс нь оройн цагаар зөөгч хийнэ. Бас номын санд сууж хичээлээ хийнэ. Бас болоогүй найзуудтайгаа шоудна. Одоо бодохоор яаж энэ бүхнийг амжуулдаг байснаа гайхах юм. Ядуу айлын хүүхэд гээд мөнгөгүй байлаа гээд хялбар аргаар мөнгөтэй болохыг хүсч байсангүй. Бодоогүй биш бодож байсан ч яг үйлдэл болгож зориглож чадаагүй л дээ. Өөрийнхөө бардам занг өөрөө ч би дийлэхгүй юм билээ. Хялбараар биеэ үнэлж мөнгөтэй болж байна гэж залуу охидыг шүүмжлэх хэрэггүй. Тэр замаар явахын тулд өөрийгөө яаж эвдсэнийг бид мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л арай  дэндүү сайхан охидууд энэ замаар явж байгаад харамсаад байх юм.
Нэг гулгаа массажны газар орж үзлээ. Тэнд байгаа охид дэндүү хөөрхөн юм. Хотын гудмаар явж байхад нь хичнээн залуус хөөрхөнийг нь гайхсан бол гэж бодогдмоор  охидууд эхүүн муухай үнэртэй газар эрчүүдийн анхаарлыг татах гэж ил задгай даашинз өмсөөд холхиж байх юм. Санхүү авна гэсэн зарууд бас л их байх юм. Танихгүй залуугийн үгэнд итгээд хаа дуудсан газар нь очиж байдаг  чин зоригт охид их байх юм. Эрэгтэй хүмүүстэй найзлаад байхаар харахыг хүсэхгүй зүйлээ харж, сонсохыг хүсээгүй зүйлээ их сонсох юм. Үнэндээ би эмэгтэйчүүд маань мөнгөний төлөө секс хийж байгаад эмзэглэхгүй байна. Энэ бол зүгээр л секс. Өөр юу ч биш. Харин энэ нь эргээд амьдралынх нь санахыг хүсэхгүй муухай дурсамж болон үлдэж байгаад үүнээсээ болж яаж ч өөрчлөгдөж болох болохоор үүнд л эмзэглэж байна. Магадгүй хэн нэгэн нь хожим хайртай хүнийх нь аав, ах, дүү, найз, хамаатан байж таарвал яах вэ. Монгол чинь хэдэн зуун сая хүн амтай улс биш 3-хан саях хүн амтай. Их яривал бүгд л хоорондоо хамаатан болж дуусдаг жижигхэн улс шүү дээ. Өнгөрснийг уучилж мартуулж чадах сэтгэл сайтай залуу даанч ховор шүү дээ. Тийм хүн байвал тэнэг залуу гэж бүгд шоолно. Хэн ч үнэхээр мундаг залуу юмаа гэж харахгүй. Арчаагүй тэнэг болохоороо ийм эмэгтэйтэй учирч хулхидуулж амьдарч байгаа юм гээд ар урдуур нь шивэр авир хийнэ. Эмэгтэйчүүд муу муухай дурсамжаа мартаж чаддаг, юу ч болоогүй юм шиг амьдарч чаддаг бол эрчүүд сэтгэлд нь орсон хэцүү дурсамжыг мартаж чадалгүй түүнтэйгээ зууралдсаар насыг бардаг юм шиг санагддаг. Тийм болохоор хайртай бүсгүйгийнх нь өнгөрсөн амьдрал биш, өнгөрсөн амьдралыг нь мэддэг байсан хүмүүсийн яриа, хандлага нь л эрчүүдийг зовоодог.
Үүнийг залуу охидууд маань мэддэг ч юмуу үгүй ч юмуу. Тэд маань ирээдүйгээ яаж харж байгаа бол доо.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157