Тэмдэглэл-103

Хэзээ нэгэн цагт миний энэ бие, дурсамж, оюун ухаан, мэдрэмж бүгд огт байгаагүй юм шиг алга болно. Бас миний мэддэг хүмүүс байхгүй болно. Би дахиж тэднийг харж чадахгүй, нэрээр нь дуудаж чадахгүй, хамт хэсэг хугацаанд ч байж чадахгүй болно. Бидний энэ амьдрал дуусахаар бид хаашаа явдаг бол.. Дурсамж, мэдрэмж, сэтгэл минь хаашаа очдог бол. Махан бие минь ч яахав байгальд шингэн алга болно. Үгүй бол үнс болон хийснэ. Харин би хаачих бол... Би гэж яг хэн юм бол. Хэрвээ хүн дахин төрдөг бол энэ би би биш гэсэн үг үү. Өмнө нь амьдарч байсан би одоо амьдарч байгаа би хойшид амьдрах би. Энэ бүгд нийлж байж жинхэнэ би болох юм болуу. Эсвэл бүр хамгийн анхны би би юм бол уу. Надад заримдаа би зүгээр л эмэгтэй хүний биед байгаа энэ махан биеийг ашиглаж амьдарч байгаа юм шиг санагддаг. Гэхдээ бас энэ махан биеийг би биш гэж үгүйсгэж болохгүй ч юм шиг. Хэрвээ бид дахин төрдөггүй тийм зүйл байдаггүй бол миний амьдрал энэ биеэр дуусах бол тэгээд дараа нь зүгээр л байхгүй болчих юм бол өөрийгөө хэн бэ гэж таньж мэдэх гэж эрж хайх нь утгагүй юм шиг. Зүгээр л хүний амьдралаар амьдраад л дуусгавал болох юм шиг. Мэдэхийг хүссэн бүгдээ мэдээд ч яах юм. Дараа нь тэрийгээ ашиглаж чадахгүй мэдсэн гэдгээ ч мэдэж чадахгүй үүрд байхгүй болчих юм чинь. Хэрвээ бид үнэхээр дахин төрдөг бол яагаад өмнөх амьдралаа санадаггүй юм бол... Амьдралынхаа дурсамжыг мартлаа ч ядаж ухаарсан ухаарал, хүсэл мөрөөдөл тэр бүгдээ санаад байж болдоггүй юм болов уу. Бүгдийг мартаад дахиад л бүгдийг эхнээс нь хийнэ. Алдана, ухаарна, шанална, хайрлана, бодно, сурна, дахиад л би хэн бэ гэж өөрөөсөө асууна.  Хүн гэж үгүй болтол энэ бүгд давтагдана. Даанч бид давтан хийж байгаагаа мэдэхгүй. Ингээд бодохоор хүний амьдрал зовлонт амьдрал юм шиг. Нэг зүйлийг хийгээд л байна хийгээд л байна. Даан ч өмнө нь хийснээ санахгүй. Энэ насандаа цуглуулсан мэдээллүүд хаашаа очдог юм бол эсвэл хэн тэднийг арилгадаг юм бол. Дахиад би ямар хүний хүүхэд болж аль улсад амьдрах ямар хүйстэн болж төрөхийг хэн шийддэг юм бэ. Эсвэл  хүн бий болох нь зүгээр л энгийн байгалийн хууль түүнд ямар ч нууц байхгүй энэ ганцхан амьдралаараа бий болоод бас үүрд үгүй болох юм бол уу. Ингэж бодогдсон чинь үнэхээр гунигтай санагдаж байна. Ганцхан энэ амьдралаар би байхгүй болох юм бол би яах вэ. Хүн болж амьдарч байснаа ч мэдэхгүй олон зүйлийг хийсэн бас хийгээгүйгээ ч мэдэхгүй зүгээр л байхгүй болно гэж бодсон чинь үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй юм байна. Хэрвээ хэн нэгэн наадах чинь үнэн чи зүгээр л тоос болон замхарна гэж хэлвэл би өөрийгөө хянахаа болих байх. Юу хүссэнээ хийх болно. Муу ч зүйлийг хийнэ. Тэртээ тэргүй би мартаад үүрд байхгүй болчих юм чинь. Энэ үнэн бол хүмүүс үүнийг мэддэг болчихвол  хүмүүсийн нийгэм үнэхээр замбараагүй болох байх. Тийм болохоор л хэдэн зуун жилийн турш шашин гэгчээр дамжуулж урд хойд насны үлгэр зохиож там диваажин гэх мэт байхгүй зүйлийг бий болгосон ч юм билүү.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157