Тэмдэглэл-178

Сурах зүйл маш их байна шүү. Өчнөөн зүйл мэдэхгүй байгаагаа сүүлийн үед мэдэрдэг болоод байна. Бүгдийг нь болдог бол хүү хаа гээд сурмаар байгаа ч даанч мэдлэгийг гэдэг тэгж олж авдаггүй болохоор яалтай билээ. Уйгагүй  хөдөлмөр, цаг хугацааг зарцуулж байж л сурсан болно шүү дээ.
Толгой тархиа олигтойхон ажиллуулаагүй удсаныг минь гэрчилж мэргэжлийн ном уншихаар 10 мин болов уу үгүй л нойр хүрээд байна. Тэгээд л залхуурах маягтай. Өөрийгөө хүчилж байж 30 мин уншсан чинь сүүлдээ юу уншаад байгаагаа ч ойлгохоо болих жишээний. Тархи минь бүр юм хүлээж авахаас залхуурдаг болчихож. Энэ байдлаас яаж ийж байгаад гарна даа.
Юм оёж сурдагч юмуу гэж сүүлийн үед их бодогдох боллоо. Өөрийнхөө сэтгэлд таарсан загвартай хувцаснуудаа өөрөө хийгээд өмсөөд явбал хичнээн сайхан. Гадуур хувцас авах гэж дэлгүүр хэсэх үнэхээр хэцүү юм. Сэтгэлд ч, биед ч таарах, нийцэх зүйл тун бага. Бас оёчвол оёчмоор ч юм шиг өөртөө итгэлтэй байгаад байх юм.
Сүүлийн үед Хятадын орчин үеийн залуусын хайр дурлал, амьдрал, мөрөөдлийг харуулсан хөгжилтэй романтик инээдмийн кинонуудыг их үзлээ. Олон ангит кинонууд ихэвчлэн 45-60 ангитай байдаг юм байна. Над шиг 20 ангиас илүү ангитай цуврал үзэж чаддаггүй хүнд жаахан хэцүү л байлаа. Гол нь нээх сунжрахгүй мөртөө тийм олон анги болгоод хийчихдэг нь бас давгүй шүү. Сүүл рүүгээ ер нь  гол гол зүйлүүдийг нь үзээд бусдыг нь бол гүйлгээд гүйлгээд л үзчихлээ. Сүүлийн үеийн алдартай цувралуудаас The walking dead, Game of thrones 2г үзээгүй юм байна. Дэндүү олон бүлэгтэй бас олон хүний бүрэлдэхүүнтэй болохоор нээх үзэх хүсэл төрөхгүй байна. Ер нь үзнэ гэхээс л залхуу хүрээд байна. Хүн бүр л үзээд л яриад л байсан боловч яагаад ч юм бэ нээх сонирхол татахгүй байна.
Кино урлаг гэдэг гайхалтай шүү. Бусдад өөрийн орны соёл, уламжлал, түүх,  мэдлэг мэдээлэл, өөрсдийн үнэт зүйлсээ түгээж, өөр амьдрал, өөр ертөнцийг харах боломжыг олгож байдаг. Өөрсдөө биеэр очиж мэдэрч чадахгүй ч кино урлагаар дамжуулж багахан ч гэсэн төсөөлөлтэй болдог.
Бодоод байсан миний амьдралд бүтэлтэй юм ч алга, учиргүй унасан ч юм алга бүлээхэн л амьдарч байна даа.



Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157