Тэмдэглэл-167


Wonder Woman-г үзлээ. Хайр дэлхийг аварна. Хүмүүсийг угаасаа нэг нэгнээ гэсэн сэтгэл, хайраас өөр юу ч аврахгүй шүү дээ. Тиймгүйсэн бол хүн төрөлхтөний түүх маш богинохон л байх байсан биз. Үнэхээр сэтгэлд нийцсэн гоё кино болсон байна лээ. Супербаатруудаас хамгийн дуртай нь Batman. Batman-ийн бүх цувралыг үзсэн хэрнээ бусад баатруудыг нь үзэх сонирхол төрдөггүй тийм ч дуртай биш. Дотроо үргэлж Wonder Woman Batman 2-г хосууд болговол гоёдоо гэж боддог байсан бодсоор ч байгаа.
Марио Пьюзо-гийн "Сицилийн мафи"-г унших гэж бүтэн жил тойрсны эцэст  уншиж дуусгалаа. Хамгийн дотны итгэлт хүний, хамгийн дотны найзын урвалт хамгийн хэцүү бас  хүнд, хамгийн том дайсан байх юм даа. Чингис хаан, Жамуха хоёр анд нөхдийн тангарагийг 3 удаа тавьсан боловч эцэст нь энэ нь бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон байх. Хоёулаа л ижил нэг том зорилготой байсан болохоор нэг нэгнийхээ өрсөлдөгч байхаас өөр сонголт үлдээгүй байх. Магадгүй Жамухын хүсэл зорилго Чингис хааныхаас өөр Боорчи шиг түүнд үнэнч итгэлт анд нь байсан бол Монголчууд дэлхийн талыг биш бүтнээр нь эзэлж байсан түүхтэй байх байсан ч юм билүү хэн мэдлээ. Бидний хувь заяа өнөөдөр ямар байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ерөнхийлөгчөө сонгох гэж тулга тойрсон хэрүүлд хамаг анхаарлаа хандуулахгүй талцахгүй илүү томоор бүгдийг хардаг илүү томоор сэтгэдэг жинхэнэ дэлхийн хэмжээний иргэд байх ч байсан юм билүү. Дэлхий хаашаа эргэхийг чиглүүлж байдаг том гүрэн байхыг үгүйсгэхгүй. Жижигхэн зүйл, жижигхэн үйл явдал, нэг л хүнээс дам дамаараа маш олон зүйл шалтгаалж өөрчлөгддөг. Холливуудын кинонд дандаа л нэг  хүн бүхнийг өөрчилдөг шиг жижигхэн зүйлээс  олон том зүйл шалтгаалж байдаг.
Аливаа зүйлд хамтрагчаа зөв сонгох нь хамгийн чухал юм байна. Ажил хэрэг, хамт олон,найз нөхөд, амраг хосоо хүртэл зөв сонгохгүй бол хэнтэй хамт байхаа зөв шийдэхгүй бол буруу хүмүүс буруу хамтрагчтай байх юм бол их олон зүйлийг алдах бололтой. Өчигдөр шүүхээс гарч явахдаа ингэж л бодож явлаа. Хамтарч бизнес хийчэхээд хоёулаа л тооцоо судалгаа муу, үндэслэлгүй, сансрын тоо харж баярласандаа хамтарч ажиллачихаад дараа нь хоёулаа л алдагдал хүлээж хохирсон мөртөө нэг тал нь ямар ч хохиролгүй үлдэх гэж санаархан нөгөө талаа хариуцлага хүлээлгэх гэж улайран байхыг харсан чинь дургүй хүрчлээ.  Тэгвэл би ч гэсэн тийм ч амар бууж өгөхгүй шүү гэсэн шар хөдөлчлөө. Манайхыг бодвол хамаагүй том компани байж энэ зэргийн зүйлийг тооцож үзсэн байх ёстой мөртөө харин ч манайхыг хэдэн арван сая төгрөгөөр алдагдалд оруулчихаад хариуцлагаа адилхан хүлээхгүй гэж зүтгэх нь утгагүй юм даа. Ийм болохоороо л нэр хүнд нь бага багаар унаж байгаа юм байна гэсэн бодол төрлөө. Уул нь ч өөр дээр ажил удан оролцох асуудал биш ч гэсэн хамаатны ахынхаа нүүрийг баян хадмуудынх нь дунд улалзуулахгүй гэсэн дээ тухайн үед биечлэн оролцож бүгдийг нь эхнээс нь дампуурах хүртэл нь байсан болохоороо л шүүхэд төлөөлж байгаа юмдаа. Хүн олон сонголтыг өөрийн дураар хийж болох ч гагцхүү гэр бүлээ л сонгох аргагүй юмдаа. Сонголтгүй сонголт гэдэг бол гэр бүл байх. Энэ сонголтгүй сонголтоо харж хандаж хамгаалж тусалж дэмжих нь хүний төрөхөөс заяамал үүрэг юм шиг байна. Зугатах аргагүй. Урвах аргаүй. Хаях аргагүй. Тэгвэл хүн биш болно.
Арав гаран жилийн өмнө нэг хятад кино үзэж байлаа. Нэг залуу дампуурсан хөргөгчний үйлдвэрийн даргаар ирээд л нөгөө үйлдвэрээ өөд нь татах гээд чанартай сайн хөргөгч хийх гээд хичээж байгаа тухай гардаг их гоё кино байсан юм. Надад гол дүрийн жүжигчин залуу их мундаг жүжиглэсэн санагддаг юм. Анх тэр киноноос Haier гэдэг үгийг харж билээ. Тэр кино Хятадын анхны цахилгаан хэрэгслийн нэртэй брэнд болсон компаний түүхийг харуулсан гэдгийг хожим мэдэж билээ. Тэр киног үзээд надад төрсөн сэтгэгдэл бол хэрвээ ийм нэртэй хөргөгч хийдэг компаин байдаг бол энэ их алдартай болох байх гэсэн мэдрэмж байсан. Тэрнээс хойш хэдэн жилийн дараа анх удаа Хятад явахдаа Haier гэсэн үгийг олон харсан билээ. Тэгээд удахгүй энэ Монголд орж ирэх байхдаа гэж бодож байж билээ. Хэдэн жилийн дараа Монголд Haier-н цахилгаан бараанууд орж ирсэн юм. Өчигдөр эгчийнхээ гэрт байх шинээр авсан Haier-н хөргөгчийг хараад энэ тухай дурсамж минь орж ирлээ. Кино урлаг гэдэг агуу шүү. Надад одоо бол Haier гэдэг үгийг харахаар сайн чанар гэдэг үг орж ирдэг. Бас олон төрлийн сонголтуудаас эргэлзэлгүй шууд сонгох сонголт. Манай аав ээж хоёр Panasonic-т дуртай шиг. Тэдний үед энэ үг бол бас чанартай гэдгийг илтгэдэг байсан болохоор тэр байх.
Хоолны дэглэмээ барьсаар байгаа боловч 4 кг хассанаас өөр ахицгүй л байна. Тэгэхээр надад бол хоол тийм ч нөлөөтэй биш харин хөдөлгөөн л их чухал гэдгийг бат ойлголоо.
Хэрвээ би өөрийнхөө бараан талыг дагасан бол цуврал алуурчин болох байсан байх. Яг эмэгтэй Дэкстэр шиг л. Анх Дэкстэрийг үзээд төрсөн сэтгэгдэл. Дэкстэр бол гэмт хэрэгтэн. Харин энэ цувралыг үзсэн хүмүүс дунд түүнийг буруутгаж шоронд суулгахыг хүсэх хүн байх болов уу. Хэрвээ бодит байдал дээр Дэкстэр байсан бол түүнийг бүгд үзэн ядаж алсан хүмүүс нь хэдийн гэмт хэрэгтэн муу хүмүүс ч тэд шийтгүүлэх зохилтой ч тэд бол хүн. Тэднийг ингэх буруу гээд л бөөн сүржин юм болж адгийн цуврал алуурчин дүртэй л байх байсан байх. Кинон дээрх гэмт хэрэгтэн гол дүрийг яагаад буруутгаж чадахгүй байна гэвэл бид түүхийг нь эхнээс 100% мэднэ. Шалтгааныг нь мэднэ. Харин бодит амьдрал дээр хэн нэгний түүхийг бид эхнээс нь мэдэж чадахгүй. Ойлгож чадахгүй. Бид өөрсдөө л өөрсдийнхөө түүхийг намтрыг 100 хувь мэдэх ч заримдаа мартчихдаг. Бас өөрөөсөө өөр хүнд 100 хувь бүрэн дүүрэн өөрийнхөө тухай ярьж чадахүй байх. Хамгийн нээлттэй хүн гэхэд л 50%-тай байна биз. Надад ч гэсэн ганцхан миний мэдэх энд бичээгүй олон зүйлс бий. Бас нэг л хүн мэдэх зүйл гэж бий. Бас дахиад хоёр л хүн мэдэх зүйл бий гээд олон зүйлс байна шүү дээ. Тийм болоод л хүмүүс кинонд дуртай байдаг байх. Бүхнийг эхнээс мэднэ. Бүх нууцыг нь ч мэднэ.
Урьд нь би ядуу амьдралаа,  энэ бүхний буруутан эцэг эх хоёроо, ядуу байдлаас гарч чадаагүй өөрийгөө, амин зуулгын төлөө хичээж амьдарч байгаагаа, мөрөөдөхөөс хэтрээгүй дээ дургүй хүрч үзэн ядаж шаналж явсан ч харин одоо бол зүгээр л талархаж байна. Яагаад гэвэл би өөрийнхөө муу талыг маш сайн мэддэг болсон болохоор. Хэрвээ миний амьдрал өнөө маргаашаа өнгөрөөх тэмцэл дунд өнгөрөөгүй бол би илүү хангалуун сайхан амьдралд өсч торниж мөрөөдөлдөө хүрч чаддаг нэгэн байсан бол маш хүйтэн харанхуй нэгэн байх байсан. Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй, өөрийн эрх ашгийн төлөө хэний ч мөрөөдлийг үгүй хийж басамжилсан бусдыг доогуур хардаг энэ дэлхийн төв бол би гээд бодчихсон магадгүй өөрийнхөө айдаг муу талдаа бүрэн эзэмдүүлсэн эцэст нь сохорсон харанхуй нэгэн л ховоог орхих байсан биз. Бас өөрөөрөө дамжуулж олон хүний сэтгэлийг шархлуулж өөр хүн болгон хувиргах байсан биз. Гэхдээ ядуу амьдрал, кино урлаг, уран зохиол намайг муу нэгэн болгоогүй юм шиг байна. Жоохон ч гэсэн хүн чанар үлдээж. Бусдад тус болохгүй юмаа гэхэд гай болохгүй элдэв муу үг, муу үйлдлээр сэтгэлийг нь шархлуулахгүй явах нь бас том зүйл шүү дээ. Бид амаараа маш олон буруу зүйл хийж байдаг. Магадгүй тийм болохоор би ярих дургүй байдаг байх.
 Өнөө орой гарч сайхан бүжиглэе. Ойрд маш завгүй байлаа.



Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157