Тэмдэглэл-166

I've been working later, I've been drinking stronger
I've been smoking deeper but the memories won't stop
I can't stop thinking about you

Урьд нь хэн нэгнийг санах, маш их санаснаасаа болоод шаналах мэдрэмжээс зугатаж ирсэн бол одоо бол энэ мэдрэмжийг үгүйлж байна. Хэн нэгний тухай бодмоор байна. Хэн нэгэнд санаад байна, санасан шүү гэж хэлмээр байна. Хайраас болж зовмоор байна. Хүний амьдралын янз бүрийн зовлон дундаас хамгийн сайхан зовлон нь байх. Гэхдээ мартах ёстой нэгнийг мартаж мартах ёстой мэдрэмжийг мартах л ёстой байх. Магадгүй би мартчихсан болохоор одоо дахиад шинэ зүйл хүсч байгаа байх л даа.
Одоо байгаа энэ маш тайван, нэгэн жигдийн хэмнэлтэй  амьдралаа, хэн нэгэн атаархаад байхгүй, атаархах зүйлгүй өөрийгөө, хэнд ч анзаарагдахгүй байгаа энэ байдлыг урьд нь сэтгэлдээ нууцхан маш их хүсдэг байж дээ. Яг л хүсч байсан шигээ одоо байгаа боловч нэг л уйтгартай санагдаад байх чинь. Хүн жаргал даадаггүй зовлон даадаг гэдэг нь ч үнэн бололтой. Энэ үгийг байнга санаж өөрийнхөө амьдралын хэмнэлийг өөрчлөхгүй ээ. Нэг л буруу тийш нь эргүүлчих гээд дотроос хатгаад байх юмдаа.
Ямар ч насны эмэгтэй хүн өөрийнх нь биед танихгүй эрэгтэй хүн хүрэхэд дургүй байдаг. Эмэгтэй хүнд бие нь маш чухал, их эмзэг ханддаг гэдгийг зарим эрчүүд ойлгодоггүй бололтой. Сүртэй шдээ маягтай гэсэн байдлаар хүлээж авах юм. Үнэндээ зөвшөөрөлгүй тэгтлээ дотно биш хүмүүс биед хүрэхэд маш тухгүй таагүй сэтгэгдэл төрдөг. Эрчүүд  ойлгохгүй байж болох ч эмэгтэй хүнд энэ нь тун тааламжгүй санагддаг гэдгийг мэддэг байгаасай. Би лав олон жил найзалсан эрэгтэй найз нартай ч гэлээ бидний хэн нь хэзээ ч шууд нэг нэгнийхээ биед хүрч байгаагүй. Тэврэх, сугадалцах, нүүрэнд хүрэх гэх мэт үйлдлүүдийг ч хийдэггүй байсан. Мэндлэх үедээ л гар гараа барилцахаас биш бусдаар бол нэгнийхээ биед ойртдоггүй байсан. Арьсаараа нэг нэгэндээ хамаагүй хүрэх нь асуудлыг буруу тийш нь эргүүлэх, буруу ойлголт, эндүү сэтгэгдэл төрүүлэх үйлдэл болохоор хэдий найзууд ч гэлээ тусдаа байх зүйл юм.
 Зун болж дулаараад ирэхээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүндрэлтэй болж эхлэх юм. Ялангуяа манай гэрийн чиглэл рүү явдаг автобуснууд шиг пиг дүүрэн хүнтэй явдаг автобуснууд зөндөө бий. Санаатай болон санаандгүйгээр шахцалдаан дунд хүрэх ёсгүй газраа хүрээд байдаг нь их хэцүү. Шууд нүцгэн арьсаараа нэг нэгэнтэйгээ хүрэлцэх нь тун эвгүй мэдрэмж төрүүлдэг. Хүн цөөрөхийг хүлээж орой болтол гэр лүүгээ харихгүй байлтай биш дээ. Тэгээд л тэвчээд явах болох юмдаа. Далимдуулж араас шахаж зогсдог хүмүүс мэр сэр байх байх юм. Эмэгтэй хүний өгзгөнд урдахаа наагаад явах тийм л сайхан байдаг юм байх даа. Эсвэл хөхөнд тохойгоороо хүрнэ  гуянд бас гуяа наагаад яваад байна. Олон хүний дунд уурлах хэцүү тааламжгүй байгаагаа илэрхийлж хоолойгоо засч, биеэ займчуулж, хөмсгөө зангидаж ,муухай харахаас хэтрэхгүй юм даа. Зарим нь ойлгоод больчих юм зарим нь бүр албаар наалдаад л явах юм даа.
Ажлын шугамаар байгууллагаа төлөөлж шүүх хуралд оролцож нэг цаг гаруй юм ярьсан чинь хоолой бүр сүүлдээ хатаад хуурайшаад ханиалгаж байна лээ. Бодоод байсан өдөрт өөрийгөө хэр их ярьдаг бол гэсэн нэгтгэвэл  сайндаа л 2 цаг л бусадтай яриа өрнүүлж ярьдаг юм байна. Гэхдээ урт урт өгүүлбэр хэрэглэхгүй богино богиноор ярина. Нэг хүнтэй дунджаар 5-10 минут ярьдаг юм байна. Бусад үед тэгээд юу ч ярихгүй чимээгүй л байдаг юм байна. Чат их хэрэглэдэг болохоор найзуудтайгаа утсаар ч ярих шаардлага бараг гарахгүй бичээд бичээд л явчихна. Тэгсээр байгаад удаан яривал хоолой аргадаг болчихож.
Би лав хууль уншаад ерөөсөө ойлгохгүй юм билээ. Миний ойлгосон ойлголт дандаа буруу байдаг. Тиймээс би хууль унших дургүй. Нэг л сонин хачин утгатай л бичигдсэн байдаг. Зарим нь юу ч гээд байгаа нь ойлгомжгүй. Олон янзын утга илэрхийлсэн яаж бол яаж ойлгомоор ч юм ч шиг. Эсвэл би хэтрүүлж ойлгоод байдаг юмуу бүү мэд. Гэхдээ нэг зүйл мэдэж авсан нь би лав хуулиар явсан бол овоо хуульч болох байсан байх. Нилээн гайгүй өмгөөлөгч ч болж магадгүй л байсан юм шиг санагдаж байна лээ. Шүүхийн танхимд эхэндээ жоохон сандарсан ч сүүлдээ овоо дасаад шүүгчийн өмнө дориун дориун ярьж байна лээ. Гэхдээ шийдвэр гараагүй хойшлогдсон болохоор бас бардамнах болоогүй л байна даа.
Би  өөрийгөө сэтгэцийн хувьд 100% эрүүл хүн гэж хэлж чадахгүй ээ. Хувиар авч үзвэл 97%-н эрүүл хэвийн ухаантай байх. Үлдсэн 3% бол эрүүл бусдаа орох байх. Үйлдэл болгоогүй, ил гаргаагүй, маш хэрцгий хэрцгий, аймшигийн, галзуу бодлууд толгойд орж ирдэг. Ийм юм бодож байгаа өөрөө хүртэл гайхмаар. Тэгэхээр цоо эрүүл хүн бол биш юм шиг. Ингээд бодохоор хүний бодол гэдэг бас аймар шүү. Хэрвээ бид нэг нэгнийхээ бодлыг уншиж чаддаг байсан бол ямар байх байсан бол.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157