Come Away With Me

увцас бурхан бие чөтгөр гэдэг үгийг таргалах тусмаа л улам мэдрэх юм даа.

Өөрийнхөө биеийг би ч эвдэж байна дөө. Гуя, гэдсээр арьс маань бага зэрэг язарчихаж. Юманд хязгаар гэж байдаг бол бие маань хязгаартаа хүрсэн бололтой. Өчигдөр орой найзуудаараа гарлаа. Нэг газар сууж байсан чинь арваад үнэхээр хөөрхөн бүсгүйчүүд орж ирлээ. Монголынх шиг утаатай, тоостой, шороотой, хатуу уур амьсгалтай газар хөөрхөнөөрөө байж чадаж байгаа эмэгтэйчүүдээрээ бахархах хэрэгтэй гээд нэтээр яваад байсан. Тэрэнтэй бол санал нийлж байна шүү. Тэдгээр бүсгүйчүүд дундаас бусдаасаа хамаагүй илт гоо үзэсгэлэнтэй үнэхээр донжлог нэг бүсгүй байсан. Нарийнхан бэлхүүсээрээ хөгжмийн хэмнэлд нахилзан бүжих нь үнэхээр халуухан. Болдог бол бэлхүүсээр нь тэврээд уруулыг нь озмоор санагдсан шүү. Надад ингэж санагдсан юм чинь тэнд байсан эрчүүд юу бодсон нь тодорхой. Би одоо хажууд нь бараг заан юмуу хаашайн. Тэглээ гээд сэтгэл санаагаар унахгүй байгаа нь, өөрийгөө өрөвдөхгүй байгаа нь надад үнэхээр эр хүн сонин санагдахгүй байгаатай холбоотой байх. Ажлын эрчүүд чи турчихвал шууд л хүнтэй суунаа одоо чамайг харвал хэн ч тэжээж чадахгүй юм байна гээд зугатна шүү дээ гэж цаашлуулна. Харин нэг зүйл таалагдахгүй байгаа нь таргалсан чинь бүжиглэж чадахгүй байна. Нэг л тээртэй санагдаад байсан. Чөлөөтэй хөдөлж ч болохгүй. Үүнийг харин тэвчиж чадахгүй шүү.
Гэрийнхээ гадаа оддыг хараад зогсож байсан чинь од харваж байна. Их тод од байна лээ. Ойрд хараагүй болохоор  гоё байсан шүү. Бас л нэг үзэсгэлэнтэй үзэгдэл шүү. Од харвахыг харсан чинь анх харж байсан үеийн дурсамж, мэдрэмж, тэр цаг үеийн байдал шууд мэдрэгдсэн.
Цагаан-Үүрт өвөөгийндөө нэг зуны шөнө харж байсан юм. Тэр үед хөдөөний айлуудын тог 8 билүү 9 гээд тасарчихдаг тэгээд нэгнийдээ цуглаад бөөнөөрөө лаа асаагаад л даалууддаг байсан юм. Нэг орой бас л бөөнөөрөө даалуудаад дуу чимээ ихтэй, би том өрөөний цонхны хажууд байдаг ширээн дээр суучихсан ахынхаа хичээл хийж байгааг хараад л, од ширтээд л сууж байхдаа л анх харж билээ. Өчигдөр тэр үеийн үнэрийг хүртэл санасан. Багын дурсамж гэвэл хамгийн сайхан нь Цагаан-Үүрт байсан жил гарангийн хугацаа юмуу даа. Цагадай гээд аргал шиг угалзарсан эвэртэй ямаатай байж билээ. Цав цагаан өнгөтэй ааруулын үйрмэг иддэг, их ааштай надаас өөр хүнийг ойртуулдаггүй ямаа байж билээ. Цагадайнхаа ишгийг өлгийдэж хүүхэд болгож тоглоно. Шөнө өвөртөлж унтдаг байж билээ. Тэгж байгаад бөөстнөөс болоод ээж дахиж цуг ишиг өвөртөлж унтахыг зөвшөөрөөгүй юмдаа. Даанч хоёр хөөрхөн ишиг нь дулаан гэрт эрхэлж байсаар байгаад өвөл оторт явахдаа осгоод үхсэнийг мэдээд их уйлж билээ. Яагаад осгосныг нь асуусан чинь өвлийн хүйтныг мэдрээгүй өссөн болохоор сул дорой болсон тэгээд үхсэн гэж хэлэхэд өөрийгөө  их зэмлэж буруу зүйл хийсэн мэт санагдаж билээ. Хөөрхий муу Цагадай минь хөгшрөөд дараа нь нохойд бариулсан гэсэн сураг сонсож билээ. Цагаан-Үүр ч сайхан байгальтай газар шүү. Очоогүй хичнээн удсан ч юм бэ дээ. Гэрийнхээ урдхан байдаг ойгоос хушны шүүс уугаад л хойшоо гарч гол дээр тоглоод л... Үргэлж ангийн мах самар жимс идээд л...Бас анх удаа нэрс их идсэнээс болоол нэрсний хордлогонд орж билээ.
Монголд маань яах аргагүй чанга шудрага хүчтэй удирдагч дутаад л байна даа. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахаар хэнд нь ч санал өгөхөө мэдэхгүй юм. Үнэн юм шиг худал мэдээлэл, худал юм шиг үнэн мэдээллүүд маш их байгаа болохоор алинд ч итгэхээ мэдэхгүй эргэлзсэн тээнэлзсэн байдалтай над шиг байгаа хүмүүс их байна даа. Нийгмийн идэвхтэй байдал нь улам алга болоод байна даа үр дүнд нь.
Эрх мэдэл эд хөрөнгөнөөсөө жүжиг тоглоод ч хамаагүй салахгүй байхыг хүсэгчид өнөөдөр их байгаа болохоор угаасаа алдчихвал төмөр торны цаана сууна гэдгээ мэдэж байгаа болохоор тэнэг мангараараа дуудуулаад ч хамаагүй хэнээс, юунаас ч урвасан хамаагүй ичих булчирхайгаа мартаж эрх мэдэлтэй албан тушаалтай байхыг хүсэгчид. Нэг нэгнээ унагаж оронд нь эзэн суух сонирхолтой суух хүмүүс их, тэгж амьдарвал бусдаас илүү хурдан өндөрт гарч чадна гэж бодогчид. Мэдээж бүх юм өөрчлөгддөг. Нэг л өдөр зөв гольдрилдоо орох л байх. Гол тэр нь хэзээ гэдэг нь л чухал байх. Монгол Улс маань хэзээ нэг өдөр хөгжих л байх. Харин тэр өдрийг бид нар харж чадах уу үгүй юу л гэдэг байна даа.
Саяхан найзын минь нөхөр авлигал авсан хэргээр хоригдсон юм. Бидний үеийн залуучуудыг хөгшин төгцөг дарга нар залуу хойч үеийнхээ ирээдүйг бодохгүй идэж уусан хэрэгтээ хамруулж ялаа хувааж байгаа нь огтхон ч таалагдахгүй байна. Хөөрхий нөхөр нь даргадаа тоогдох гэж хий гэснийг хийж яваад шанд нь нэг эвдэрхий машин засаад ав гэхээр нь авсан юм байна л даа. Тэрэндээ ороогдоод даргын эдлэх байсан 7 жилийн ялын 3 жилийг үүрэхээр болсон. Тэгээд энэ хэргээр найздаа хань болж  хамт хөөцөлдөж явахад иймэрхүү хэргээр ял үүрч шоронд орсон залуучууд бас чамгүй их юм гээч. Сонсч байхад найзын минь нөхөр үнэн гэнэн байсан байгаа юмдаа. Гэтэл зарим хашир ухаалаг нь мэдсээр байж хийж оронд нь бидний 10 жил ч зүтгээд хүрч авч чадахгүй зүйлсийг 4, 5 жилийн ял үүрээд л авдаг гэж байна.
Үнэхээр эмзэглэмээр. Эрх чөлөө, нэр хүнд гэдэг эрх мэдэл эд хөрөнгөөс дор орох цаг байдаг гэдгийг хардаг л юм байна. Эрх чөлөөгүй байна гэдэг миний хувьд бол маш том айдас. Эрх чөлөөгүй байна гэж төсөөлөхийн төдийд  л амьсгал давчдаад ирдэг маш шаналгаатай санагддаг. Гэтэл энэ зүйлийг хэдэн өрөө байр хэдэн сая төгрөгөөр сольж болно гэжүү. Хүн бүрийн хувьд үнэ цэнэ өөр өөр байх юмдаа. Найз эмэгтэйд минь л үнэхээр хэцүү байна даа. Ядаж байхад хадмууд нь чамаас боллоо гээд байх юм. Чи л элдэв янзын юм нэхэснээс болж тэрийг чинь биелүүлэх гэж яваад ийм юм боллоо гэхийн. Харин ч хүүгээ хариуцлагагүй байж авсан эхнэрээ, үр хүүхдээ аятайхан амьдруулалгүй бусдын арганд орж зовоож байгааг буруутгахгүй. Хэцүү цаг үед нэг нэгэндээ дэмжлэг өгдөг урам хайрладаг занд хэзээ суралцах юм болдоо. Хэн нэгэн буруутанг заавал олж тэрэнд бүх бурууг тохож бухимдал гомдолоо гаргаж байж тайвширдаг энэ муухай зангаасаа салцгаагаасай билээ.
Come away with me in the night
And I will write you a song
I want to walk with you
On a cloudy day
Come away with me and we'll kiss
On a mountaintop
Come away with me
And I'll never stop loving you

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157